УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанк, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Татварын ерөнхий газар, Үндэсний статистикийн хороо зэрэг байгууллагын төлөөлөлтэй өнөөдөр онлайнаар уулзлаа.
Тооцоо судалгаатай, баримт нотолгоонд суурилсан, шинжлэх ухааны үндэслэлтэй төрийн шийдвэр гаргах тогтолцоог бүрдүүлэх зорилгоор өнөөдрийн уулзалтыг зохион байгуулж буйг УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтын эхэнд тэмдэглээд Үндэсний статистикийн хорооны ‘Статистик ба Төрийн их өгөгдөл’ ажлыг эрчимжүүлж, төрийн байгууллагуудын мэдээллийн нэгдсэн суурь санг бүрдүүлэхэд анхаарч ажиллахыг сануулав.
Төрийн байгууллагууд өөр өөр мэдээлэлтэй, тус тусдаа мэдээллийн сантайн улмаас төрийн зарим шийдвэр зорилтод бүлэгтээ хүрч чадахгүй байгааг халамжийн шийдвэрүүдээс харж болохоор байна гэдгийг тэрбээр онцлов. Тухайлбал, хүнсний талон авч буй иргэдийн 30 гаруй хувь нь өөрийн эзэмшлийн автомашинтай, 4,4 хувь нь малтай байсан зэрэг бодит баримтыг дурдлаа.
Дараа нь Үндэсний статистикийн хороооны дарга Б.Батдаваа танилцуулга хийлээ. Одоогийн статистикийн ажил нь уламжлалт арга буюу батлагдсан маягтаар мэдээлэл цуглуулж, сан бүрдүүлэхэд чиглэж байна. Энэ нь хугацаа алдах, мэдээллийн ач холбогдол буурах, тусгайлсан үр дүнг боловсруулах боломж хязгаарлагдмал, хувь хүний хүчин зүйлээс хамаарал ихтэй зэрэг дутагдалтай. Иймээс статистикийн хуучин хэв маягийг халж, төрийн байгууллагууд, яам, агентлагууд дээр байгаа мэдээллийг нэгтгэх, холбох ажлыг нэн түрүүнд хийхээр төлөвлөж буйгаа танилцуулав.
Мэдээллийн нэгдсэн суурь санг бүрдүүлснээр төрийн байгууллага, судлаач, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, иргэд нэгдсэн нэг сангаас үнэн зөв мэдээлэл авах боломж бүрдэх аж. Түүнчлэн статистикийн мэдээллийн чанар сайжирч, цаг хугацааны хоцрогдол арилж, төрийн шийдвэр гаргалт судалгаанд суурилсан, оновчтой болох давуу талтай юм.
Тиймээс энэ чиглэлээр төрийн холбогдох байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн ажлын баг байгуулж ажиллахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.