Монголын түүхэн гавьяатнуудын нэг нь Н.Янжмаа. Монголын эмэгтэйчүүдийн байгууллагыг 17 жил удирдсан тэрээр төр нийгмийн зүтгэлтэн, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тууштай тэмцэгчдийн нэг юм. Эмэгтэйчүүдийн эрх, эрх чөлөөний төлөө цогтой тэмцэгч тэрээр 1924 онд “Бүсгүйчүүдийг боловсруулах тасаг” нэртэй Азийн анхдагч эмэгтэйчүүдийн байгууллагыг үндэслэн байгуулсан түүхтэй.
Н.Янжмаа эмэгтэйчүүдийн байгууллагын үүгэн байгуулж, хөгжүүлсэн төдийгүй бүсгүйчүүдийг бичиг үсэгт сургах, ахуйн соёл нэвтрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Нийт эмэгтэйчүүдийнхээ гуравны нэгийг бичиг үсэгтэй болгосон нь түүний гавьяа байв. Түүний санаачилга, хүсэл мөрөөдлөөр Монгол Улсын боловсролын тогтолцоонд эргэлт гарсан гэж дүгнэх нь бий. Тэрээр 1930 онд нийслэл Хүрээнд анхны хүүхдийн цэцэрлэг байгуулж байлаа.
Н.Янжмаа эр нөхрийнхөө адил эх оронч нэгэн байв. Тэрээр хань их жанжин Д.Сүхбаатарын хувьсгалт үйл хэрэгт гар бие оролцож, тусламж, дэмжиж явсныг нь түүх гэрчилнэ. Жанжин Д.Сүхбаатар 1893.02.02-нд, гэргий Н.Янжмаа нь Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошууны / Төв аймгийн Баяндэлгэр сум/ ард Нэмэндэй, Сэрээтэр нарын гэрт 1893 оны 2 сарын 6-нд төржээ. Тэрээр Туул, Тэрэлж гол, Цант, Хоолт, Их хүрээгээр нутаглан өсөж торнисон байна. Улмаар 1910 онд Д.Сүхбаатартай тоонот гэрт толгой холбож, 1912 оны цагаан сарын битүүнд Галсанлхүндэв хэмээх хүүтэй болжээ. Д.Сүхбаатарыг Хужирбулан дахь Монголын цэргийн пулемёт сумангийн жагсаалын даргаар ажиллаж байхад Н.Янжмаа орос цэргийн дарга нарын гэр бүлтэй танилцаж цэргийн хувьцас оёж, тэдний гэр ахуйн ажилд туслах, мал саах зэрэг ажил хийнэ.
Н. Янжмаа Хувьсгалын үйл хэрэгт журамт гэргийн хувиар нөхөртөө туслан хөрөнгө, мөнгө шаардагдах үед гэрээ зарж борлуулахыг зөвшөөрч, толгойн мөнгөн зүүлтээ хүртэл тайлаад өгдөг байжээ. Хувьсгалчдыг эрж илрүүлэх мөрдлөгө ширүүсэхэд айлын модон пинд хүүтэйгээ хамт нуугдан үлдэх зэргээр хүнд зовлон, бэрхшээлийн хажуугаар ханиа халамжилж, үр хүүхдээ сурган хүмүүжүүлж байлаа. Тэд нийслэл хүрээнд ирсэнийхээ дараа хань Д.Сүхбаатарын зөвлөсний дагуу Алтанбулагт хамт ажиллаж байсан хэсэг нөхдөө цуглуулж, цэргийн хувцас оёж, засварлаж эхэлсэн байдаг. Улмаар 1922 оны 4-р сарын 1-нд өргөтгөн “Цэргийн хэлтсийн бэлтгэн үйлдэх тасаг” болон байгуулсан түүхтэй. Энэ нь хуучнаар “Цэргийн гар үйлдвэр өнөөгийнхөөр “Бөртэ” ХХК-ийн үндэс суурь ийнхүү тавигджээ.
Н. Янжмаа нь 1921 онд Монголын хувьсгалт залуучуудын эвлэлд гишүүнээр, 1923 онд МАН-ын төв хорооны дэрэгдэх 11-р үүрт намын гишүүнээр тус тус элссэн байна.
Н.Янжмаа нь:
Тэрээр 20-р зууны эгэл жирийн эмэгтэйчүүдийг эрдэм мэдлэг, эрх чөлөөтэй иргэн болж төлөвших эхлэлийг тавьсан төр нийгмийн зүтгэлтэн байлаа.