Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ‘Богдхан төмөр зам’-ын трасс болон ‘УБТЗ’ ХНН-ийн ажилтай танилцав. Тэрбээр дөнгөж сая Давааны зөрлөг гэх газар буюу төмөр замын 369 дэх км-т байрлах зөрлөгт ажиллаад буцлаа.
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар ‘Богдхан төмөр замын трасс нь Дарханы төмөр замын 361-ын гармаас салж, Эмээлт, Шувуун фабрик, Хөшигийн хөндий, Төв аймгийн Сэргэлэн сумын урдуур гараад Хангай зөрлөг, Багахангай өртөөнд хүрнэ. 361-ын гармаас салж, Хангай зөрлөг хүртэл 104 км. Харин тахир, тойруугаа янзлаад явахад 164 км зам болно. Энэ замд гурван том тунель бий. Уг замаар бүх транзит ачаа явна’ гэдгийг Ерөнхий сайдад танилцуулав.
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төмөр зам дагасан дэд бүтцийг сайтар төлөвлөх хэрэгтэй санууллаа.
Бүх ачаа тээврийн 60 хувь ‘Богдхан төмөр зам’-ын трассаар явах юм байна. Уг трассын ТЭЗҮ-г гаргахаар Азийн хөгжлийн банк олон улсын тендер зарлаад байгаа бөгөөд өртөг 1.5 сая ам.доллар. Трассыг байгуулах хөрөнгө оруулалт 860 болон 500 сая ам.доллар гэсэн хоёр тоо яригдаж байгааг ‘УБТЗ’ ХНН-ээс мэдээллээ.