Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит /2021.02.11/ мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн мэдээлснээр сүүлийн 24 цагт шинээр 33 тохиолдол бүртгэгдлээ. Түүнчлэн өчигдөр 34 хүн эмчлэгдэж гэртээ гарчээ.
ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.БАЙГАЛЬМАА:
-Улсын хэмжээнд covid-19 халдварын нийт батлагдсан 2200 тохиолдол бүртгэгдсэн.Үүнээс 1618 нь эдгэсэн. Нийслэлд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжснээс хойш нэг сарын хугацаанд өдөрт бүртгэгдсэн халдварын тоо нэмэгдэж байна. Он гарснаас хойш Covid-19 илрүүлэх шинжилгээнд 1.248.000 хүн хамрагдсан байна.Үүнээс 0.17 хувь нь эерэг гарсан. Сүүлийн 21387 шинжилгээ хийсэн.
Өнөөдрийн байдлаар 968 хүн хэвтэн эмчлүүлж байна.Батлагдсан тохиолдлуудын 84 хувь нь биеийн байдал хөнгөн байгаа бол нэг хүн маш хүнд байна. Сүүлийн 24 цагт бүртгэгдсэн халдварын тохиолдлууд нь нийслэлд бүртгэгдсэн байна.Харин орон нутагт халдвар бүртгэгдээгүй байна.Нийслэлд бүртгэгдсэн 33 тохиолдлыг дүүргээр нь ангилбал,
- Сонгинохайрхан дүүрэг-5
- Сүхбаатар дүүрэг-5
- Баянзүрх дүүрэг-13
- Хан-Уул дүүрэг-2
- Баянгол дүүрэг-2
- Налайх дүүрэг-3 нийт зургаан дүүрэгт тус тус бүртгэгджээ.
Нийт батлагдсан тохиолдлуудын 29 хувь нь хавьтал судлалаар, дөрвөн тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Хөл хорионы дэглэмийг сулруулсан үед энэ сарын 5-ны байдлаар хүнсний дэлгүүр, эмийн сар зэрэг үйлчилгээний байгууллага орчмын хөл хөдөлгөөн 41 хувиар өсчээ.Мөн хүн амын оршин суугаа газар орчмын хөл хөдөлгөөн өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 14 хувиар тус тус нэмэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс өссөн үзүүлэлт аж.
ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.БАЙГАЛЬМАА:
-Халдвар бүртгэгдсэн газруудыг тойрч өнгөрвөл covid-19 халдварт өртөхгүй гэж ойгох нь өрөөсгөл. Улаанбаатар хотод оршин сууж буй та бид бүгд халдвар авах эрсдэлтэй.Улсын хэмжээнд бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо буурахгүй байна.Сар шинийн баяртай холбогдуулан хүн амын хөдөлгөөн эрс нэмэгдсэн тул иргэд аль болох сар шинэдээ цахимаар золгохыг уриалж байна.
ХАЛДВАРЫН ДӨРВӨН ГОЛОМТ ШИНЭЭР БҮРТГЭГДЛЭЭ
ЭМЯ-ны Хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:
-Сүүлийн 24 цагт 33 тохиолдол бүртгэгдсэн.Энэ тоог өнгөрсөн өдөртэй харьцуулахад 21 тохиолдлоор буурсан үзүүлэлттэй байна.Өвчлөл зургаан дүүргийн 22 хороонд бүртгэгдсэн.Ялангуяа сүүлийн 24 цагт дөрвөн голомт шинээр илэрсэн.Өнгөрсөн хоногт 2500 гаруй эмч, эрүүл мэндийн байгууллагын ажилчид covid-19 халдварын голомтыг таслан зогсоох, халдвар эсэргүүцэх хариу арга хэмжээг зохион байгуулж ажилалаа.