Азийн буддистуудын энх тайвны бага хурал өнгөрсөн сарын 14-нд Шри Ланка улсын Коломбо хотод цахимаар зохион байгуулагдсан юм. Уг хурлаас гаргасан тогтоолд “Далай ламын хойд дүрийг хэрхэн тодруулахыг Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам зөвхөн өөрөө л шийдэх бөгөөд Төвөдийн ард түмэн Хятадын Засгийн газраас тодруулсан хойд дүрийг хүлээн зөвшөөрөхгүй” хэмээжээ.
“Далай ламын хойд дүрийг тодруулах асуудал нь зөвхөн Төвөд дэх буддын шашинтнууд төдийгүй Төвөдийн буддын шашин дэлгэрсэн Монгол, Хималайн бүсийн орнууд болон Оросын буддын шашинтнуудын хувьд нэн чухал ач холбогдолтой юм. Эдгээр улсууд нь улс төртэй ямар ч холбоогүй цэвэр шашны энэ асуудлыг хэлэлцэх тэгш эрхтэй. Тиймээс Азийн буддистуудын бага хуралд оролцож буй шашны байгууллагуудын баталсан тогтоолыг л дагах нь зүйтэй” хэмээн ОХУ, Монгол Улс болон Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн улсууд дахь Далай ламын төлөөлөгч Халимагийн хамба лам Тэло Тулку Ринбүүчи мэдэгдсэн байна.
Тэрбээр цааш нь уг тогтоол нь Буддын шашинтай орнууд энэ асуудалд нэгдмэл байр суурь баримталж байгаа тухай Хятадын Засгийн газарт өгч буй дохио бөгөөд Далай ламын хойд дүрийг тодруулах, хүлээн зөвшөөрөх уламжлалт үйл явцад хөндлөнгөөс оролцох явдлыг таслан зогсоох агуулгатай хэмээн тайлбарлажээ.