Засгийн газрын шийдвэрээр хоёрдугаар сарын 23-наас хатуу хөл хориог сулруулж, 100 гаруй мянган аж ахуйн нэгжийн 95 хувийн үйл ажиллагааг эхлүүлсэн. Үүний дагуу хүн олноор үйлчлүүлэх томоохон худалдааны төв, захууд болон кино театр, караоке, амралт газар, цайны газар, ресторан, фитнесс, гоо сайхны газрууд үүдээ нээгээд буй. Эдгээр үйлчилгээний газруудад хэрхэн хяналт тавьж байгаа талаар НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюушаас тодрууллаа.
-Хатуу хөл хориог сулруулж, өнгөрөгч долоо хоногоос аж ахуй нэгжүүд үйл ажиллагаагаа нээж эхэллээ. Мэргэжлийн хяналтын газраас хэрхэн хяналт тавьж ажиллаж байна вэ?
-Засгийн газрын 2021 оны 45 дугаар тогтоол, Улсын онцгой комиссын даргын 2021 оны 18 дугаар тушаалаар батлагдсан “Covid-19 халдвараас урьдчилан сэргийлэх, арга хэмжээ авах, түр журмыг хэрэгжилтийг хангуулахаар мэргэжлийн хяналтын байгууллагаас үйл ажиллагаагаа нээсэн аж ахуй нэгжүүдэд хяналт тавьж ажиллаж байна. Үүний дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 125, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 500 улсын байцаагч зөвлөн туслах хэлбэрээр хяналт шалгалтыг хийж байна.
Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг хүнс, барааны томоохон 18 худалдааны төв, захуудаар өдөр тутам хяналт шалгалтыг хийж байгаа. Жишээлбэл, “Нарантуул”, “Хүчит шонхор”, “Бөмбөгөр”, “Мишээл” худалдааны төвүүдэд 1-2 байцаагч өдөр тутам хяналт тавьж ажиллана. Бусад үйлчилгээний газруудад байцаагч нар хороо хороогоороо томилогдон хянах юм.
-Эхний өдрүүдэд аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг жигдрүүлэхийн тулд зөвлөн тусалж ажиллана гэлээ. Хяналт шалгалтыг явцад халдвар хамгааллын дэглэмийг баримталж чадаж байна уу?
-Хяналт шалгалтыг хийх явцад халдвар хамгааллын дэглэмээ чанд баримталж буй аж ахуй нэгжүүд олон байна. Гэхдээ зарим газрууд түр журмын хэрэгжилт хангалтгүй байгаа. Бид мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, зөрчлийг арилгуулахаар ажиллаж байна.
Тухайлбал, хүн хоорондын бөөгнөрөл үүсгэхгүйгээр нэг чиглэлийн тэмдэг тэмдэглэгээ байршуулах ёстой байтал эсрэгээрээ хүний бөөгнөрөл үүсгэж байна. Мөн тухайн үйлчилгээний газрууд хоёр цаг тутамд агааржуулалт хийж, АТМ, лифтний товчлуур, хаалга, урсдаг шатны бариул зэргийг хоёр цаг тутамд халдваргүйжүүлэх бодисоор арчиж, цэвэрлэх ёстой.
Гэтэл ариутгал халдваргүйжүүлэлт шаардлага хангахгүй байна. Хамгийн гол нь тухайн байгууллага хуваарийн дагуу дотоод хяналтыг байнга тавьж байх ёстой.
-Цайны газар, рестораны хувьд ширээ, сандлынхаа тоог 50 хувь бууруулж, хүн хоорондын зайг баримтлах шаардлагатай. Гэвч бодит байдал дээр ашиг орлогоо бодоод, халдвар хамгааллын дэглэм баримтлахгүй байна?
-Нийтийн хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үйлчилгээний байгууллагууд суудлынхаа тоог 50 хувиар цөөлнө. Дөрвөн хүн үйлчлүүлэхэд хоёр, хоёроор нь сөөлжилж суулгана. Зарим газрууд нь ширээний голд хаалт хийсэн байгаа. Тиймээс түр журмын дагуу иргэдэд үйлчилж, хүн хоорондын зайг барих шаардлагатай.
Иргэд ч гэсэн олон хүн үйлчлүүлж байгаа газруудаар аль болох үйлчлүүлэхгүй байхыг зөвлөе. Энэ нөхцөлд мэргэжлийн байгууллагаас гадна тухайн байгууллагын дотоод хяналтыг сайн тавих хэрэгтэй.