Хууль шүүхийн эрх мэдэл бүхий хүмүүс орон сууцанд цугларч архидан согтуурсан бичлэг олон нийтэд хүрснээс хойш долоо хоног өнгөрчээ. Энэ хугацаанд АТГ-ын комиссар ажлаасаа халагдаж, нэр бүхий шүүгч нарыг Шүүгчийн ёс зүйн хороо шалгаж эхэлсэн.
Харин өөрийгөө Үндэсний аюулгүй байдлыг зөвлөлд ажилладаггүй, өмгөөлөгчөөр ажилладаг хэмээн мэдээлсэн Б.Баасанцогт гэрээслэл бүхий утга агуулгатай бичиг үлдээгээд сураггүй алга болсон. Түүнийг сураггүй болсноос нь хойш дөрвөн хоногийн дараа буюу өнгөрөгч амралтын өдөр зуслангийн байшиндаа согтуу байхыг нь цагдаагийн байгууллагын алба хаагчид олсон байдаг.
Түүнийг амиа хорлохыг завдсан хэргээр цагдаагийн байгууллагаас шалгасан талаар эх сурвалж мэдээлсэн. Энэ талаар тодруулахад, “Б.Баасанцогтыг амиа хорлохыг завдсан асуудлаар нь тайлбар мэдүүлэг авсан. Мөн бичлэгтэй холбоотой асуудлаар нь шалгалтын ажиллагаа үргэлжилж байна” гэв.