Энэтхэг улс өөрийн үйлдвэрт үйлдвэрлэсэн 150 мянган тун Covid-19-ийн эсрэг вакциныг Монгол Улсад хандивласан. Улмаар вакциныг өнгөрсөн хоёрдугаар сарын 21-нд Улаанбаатарт авчирснаар Монгол Улсад Covid-19-ийн эсрэг вакцинжуулалт эхэлсэн юм.
AstraZeneca-Oxford” хамтарсан Covid-19-ийн эсрэг вакцины Энэтхэгт үйлдвэрлэснийг “КовиШейлд” хэмээн нэрлэж буй.
Тэгвэл Шадар сайд С.Амарсайхан Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Субраманьям Жайшанкарт захидал илгээж, Covid-19-ийн эсрэг 1-1.5 сая тун вакцин авах хүсэлт тавьжээ.
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди 2015 онд Монголд айлчилсан ба хоёр орон нь найрсаг харилцаатай. ОХУ, Хятадын дунд орших Монгол Улс нь Энэтхэгийг оюун санааны хөрш орон гэж үздэг.
Энэтхэг нь өөрийн улсад үйлдвэрлэсэн Covid-19-ийн эсрэг вакциныг НҮБ-ын Эрүүл мэндийн байгууллагын ажилчид болон дэлхийн 56 оронд түгээжээ. Монгол Улсаас гадна Афганистан, Малдив, Балба, Бангладеш болон Африкийн зарим орнууд Энэтхэгээс илгээсэн вакцинаар дархлаажуулалтаа эхлүүлсэн байна.