ОХУ-ын эрх баригчид өчигдөр /2021.03.10/ “Twitter” цахим сүлжээг хязгаарлахдаа санамсаргүйгээр Засгийн газрынхаа вэбсайтыг хаасан талаар хэвлэлүүд мэдээлжээ. Тухайлбал, Кремлийн kremlin.ru болон өөр хэд хэдэн вэбсайт руу хандах боломжгүй болжээ.
“Twitter”-т нийтлэгдсэн видео, фото мэдээллүүдийг харагдахгүй болгохын тулд тус компанийн t.co богиносгосон интернэт хаягийг хаасан ба энэ нь бусад “t.co” текст орсон сайтуудыг ажиллахгүй болгоход нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд үзэж байна. Жишээ нь, Microsof[t.c]om гэх сайт мөн дээрх хязгаарлалтад өртжээ. Харин Засгийн газраас төрийн албаны сайтуудад гарсан алдаа “Twitter”-ийн хязгаарлалттай огт холбоогүй гэж мэдэгдэл гаргасан байна.
Хориотой агуулга бүхий материалуудыг устгах шаардлагыг нь хүлээж аваагүй тул Оросын Засгийн газар тус улсаас “Twitter” сүлжээ рүү орох хурдыг удаашруулж, хязгаарласан юм. Ингэснээр тус сүлжээнд нийтлэгдсэн зурагт болон бичлэгэн мэдээллүүдийг үзэхэд хүндрэл учруулах зорилготой байв. ОХУ нь дотоод интернэт сүлжээгээ шаардлагатай тохиолдолд гадаад ертөнцөөс тусгаарлах хуулийг 2019 онд баталж байсан билээ.