Нийслэлийн ИТХ-ын Засаглал, эрхзүйн шинэтгэлийн хорооны ээлжит хурал өнөөдөр боллоо. Хурлаар хорооны 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөө болон “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хэрэгжилт, түүнд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний тайлан, “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын чадавх бэхжүүлэх” хөтөлбөрийн хэрэгжилт, түүнд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний тайлан, нийслэлийн ИТХ-ын хуралдааны дэгд өөрчлөлт оруулах талаар ирүүлсэн хүсэлт, ИХТ-ын даргын 2021 оны 02 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн гүйцэтгэсэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хуулиар олгогдсон чиг үүргийн судалгааны талаар танилцуулга, зэрэг таван асуудлыг хэлэлцлээ.
Засаглал эрх зүйн шинэтгэлийн хорооны 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэх үеэр энэ онд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан төсөлтэй танилцах, холбогдох санал гаргах, санал авах ажиллагааг зохион байгуулахад холбогдох ажлын хэсэгтэй хамтран ажиллах зэрэгт анхааран ажиллахаар төлөвлөж буйг Засаглал, эрхзүйн шинэтгэлийн хорооны дарга Б.Мягмар онцлов.