БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны дүү Ким Ё Жон Пёньяны саяхан явуулсан пуужингийн туршилттай холбогдуулан хэлсэн БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний үгийг шүүмжилжээ.
БНАСАУ өнгөрсөн долоо хоногт Японы ойролцоох тэнгис рүү хоёр баллистик пуужин харвасан нь зэвсгийн хөтөлбөртөө ахиц гаргаж буйгаа илтгэн харуулсны сацуу АНУ-д үзүүлж буй шахалтаа улам нэмэгдүүлсэн явдал болсон юм.
“Өмнөд, Умард болон АНУ яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэн хийх чиглэлд хүчин чармайлт гаргах хэрэгтэй” гэж Мүн Жэ Ин Пёньяныг пуужин харвасны дараа мэдэгджээ.
Харин Ким Ё Жон, “Манай улсын пуужингийн туршилтыг зэмлэн буруушаасан, цөмийн, баллистик пуужингийн хөтөлбөрийг олон улсын энх тайван, аюулгүй байдалд ноцтой аюул учруулж байна хэмээн мэдэгдсэн АНУ-тай санал нийлсэн гутамшигтай үгийг БНСУ-ын Ерөнхийлөгч хэллээ” хэмээн мэдэгдсэн байна.
“БНСУ-ын учир утгагүй, ичгүүр сонжуургүй зан араншин нь АНУ-ын “дээрэнгүй шинжтэй сэтгэхүйгээс” өөрцгүй байна” гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн нийтэлсэн Ким Ё Жоны мэдэгдэлд дурджээ.
БНАСАУ алсын удирдлагатай, ойрын зайн тусгалтай шинэ пуужин туршсанаа өнгөрсөн баасан гарагт мэдэгдсэн юм. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден уг туршилт НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг зөрчлөө гэж мэдэгдсэн боловч
Пёньянтай дипломат ажиллагаа өрнүүлэхэд нээлттэй хэвээр байгаагаа илэрхийлсэн байна.