Дэлхийн тойрог замд ажиллаж байгаа Олон улсын сансрын станцын ашиглалтын хугацаа 2024 онд дуусах юм. Тэгвэл ОХУ-ын тал 2025 оноос эхлэн уг станцыг ашиглахаа больж, өөрийн зохион бүтээж буй тойрог замын шинэ станц руу шилжихээ зарлажээ.
Хуучин станцыг ашиглалтаас гарсны дараа шинэ станцыг хэрхэн хамтран ашиглах талаар бусад улс орнуудтай Оросын тал мөн хэлэлцэх гэнэ.
Олон улсын сансрын станц 1998 онд эхний хэсэг нь ашиглалтад орж байв. Харин сүүлийн үед гэмтэл гарах нь нэмэгдэж, станцын битүүмжлэл алдагдаж, хүчилтөрөгчөө алдаж, зарим хэсгийг нь засварлахын аргагүй болсон байна.
Станцын ашиглалтын хугацааг 2020 онд дуусна гэж анх тогтоож байсан ч сүүлд 2024 он болгон сунгасан юм. Ашиглалтын хугацаа нь дууссаны дараа станцыг дэлхийн агаар мандалд оруулж, далайд унагах юм байна. Оросын Мир сансрын станцыг 2001 онд ийм аргаар устгаж байжээ.
Дэлхийгээс 420 км өндөрт оршдог энэ станц нь 27700 км/цаг хурдтайгаар өдөрт дэлхийг 15,8 удаа тойрдог, 450 тонн жинтэй, 108м х 73м х 20м хэмжээтэй. Энэ байгууламжийг дэлхийн олон орнуудын сансарын төвүүд хамтран ашигладгаас НАСА, ЕСА, JAXA, CSA, Роскосмос гэсэн байгууллагууд гол үүргийг хүлээн ажилладаг.