Сэлэнгэ аймгийн Засаг даргын А/103 тоот “Хуш модны самрын хууль бус бэлтгэлийг таслан зогсоох тухай” захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд аймгийн Цагдаагийн газраас хамтарсан хяналт шалгалтыг явуулж байна. Эл ажлын хүрээнд хуш модны самар хууль бусаар бэлтгэж байсан иргэдийг албадан буулгах ажлыг зохион байгуулжээ.
Энэхүү ажилд аймгийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хилийн цэргийн 0243 дугаар анги, Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын захиргаа, Онцгой байдлын газар, Шүүхийн шинжилгээний алба хамтран оролцож байгаа аж. Энэ удаагийн ажиллагаанд нийт 34 төрийн алба хаагч, дөрвөн чиглэлд, дөрвөн ажлын хэсэгт хуваагдаж “Зил-131” маркийн дөрвөн тээврийн хэрэгсэлтэй ажиллажээ. Тэд Ерөө сумын Бугант тосгон, Хүдэр сумын нутаг дэвсгэрт хяналт шалгалтыг зохион байгуулсан байна.
Хяналт шалгалтын хүрээнд 2020 оны намраас эхлэн хуш модны самар түүн бэлтгэж байсан Сэлэнгэ, Хөвсгөл, Дархан, Төв, Булган, Орхон зэрэг аймгийн харъяат 439 иргэн, 62 отгийг халдвар, хамгааллын дэглэмийг сахиулан албадан буулгажээ. Мөн энэ үеэр Хөвсгөл аймгийн Цагдаагийн газартай хамтран унаагүй саатсан 16 иргэнийг 41-52 ХӨВ улсын дугаартай автобусаар, Хөвсгөл аймаг руу 01-00 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээр хамгаалалт авч буцаасан байна. Түүнчлэн ууланд байсан самарчдыг буулгах ажлын явцад иргэдэд коронавируст халдварын талаарх өнөөгийн нөхцөл байдлын мэдээллийг өгчээ.
Мөн халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийг сахих, хаврын хуурайшилт эхэлж байгаатай холбогдуулан ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар яриа таниулга хийсэн байна. Мөн самар түүж байсан иргэдийг судалгаанд авч, аймгийн Шүүхийн шинжилгээний албатай хамтран гарын дардсаар нь санд бүртгэх ажлыг зохион байгуулжээ. Энэхүү хамтарсан хяналт шалгалтын ажлыг цаашид сумдад үргэлжлэн явуулах аж.