Барилга, хот байгуулалтын сайдын зөвлөлийн хурлаар “Амины орон сууцны барилга угсралтын ажилд захиалагчийн техникийн хяналт хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулах журам”-ыг хэлэлцэж дэмжжээ. Энэхүү журам хэрэгжиж эхэлснээр амины орон сууцыг ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт хамруулах боломж нэмэгдэж буй аж.
Өнгөрсөн 2013 оноос хойш 179 иргэн амины орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамрагджээ. Учир нь амины орон сууцны чанар, стандарт тодорхой бус байдгаас хамаарч банк энэ төрлийн зээл олгохоос татгалздаг байна.
Барилга, хот байгуулалтын яамны харъяа “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ нь амины орон сууцанд захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэхдээ Барилгын тухай хууль, Засгийн газрын 2017 оны 170 дугаар тогтоолоор батлагдсан Барилгын ажлын захиалагчийн дүрмийг баримталж ажиллах аж.
“Амины орон сууц гэж аймаг, нийслэл, сумын төвийн батлагдсан хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, орон сууцны хотхон, хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу, нэг айлын сууц болон шаардлагатай бусад өрөө тасалгааг багтаасан блокчилсон орон сууцны барилгын бие даасан хэсэг бүхий, тусдаа газарт баригдсан орон сууцны зориулалттай сууцыг хэлнэ” гэжээ.