Өмнөд Африкт аж төрдөг 37 настай Госиаме Тамара Ситхол 10 ихэр хүүхэд төрүүлж, дэлхийн хамгийн олон ихэр хүүхэд эсэн мэнд төрүүлсэн дээд амжилтыг эвджээ. Энэ талаар нутгийн эх сурвалжууд мэдээлж байна.
Госиамегийн нөхөр Тебохо Цотеци “Эхнэр минь долоон хүү, гурван охин төрүүллээ. Би маш их аз жаргалтай байна. Сэтгэл хөдлөөд их зүйл ярьж чадахгүй нь ээ” хэмээн нутгийн хэвлэл мэдээллийн Преториа агентлагт ярьжээ. Тэрбээр анх эхнэрээ эмчийн хяналтанд оруулж, удаа дараа ЭХО-д харуулж байхад хэвлийд нийт найман ураг бойжиж байна хэмээн тогтоож байсан ч ийнхүү 10 ихэр төрсөнд маш ихээр гайхжээ.
Өмнөд Африкийн эрх баригчдын зарим нь 10 ихэр хүүхэд төрснийг үнэн хэмээн баталж байгаа бол зарим нь хүүхдүүдийг хэн ч хараагүй байгааг мэдэгдэж байгаа юм. Түүнчлэн Геннисийн дээд амжилт бүртгэдэг ажилтнууд дээрх үйл явдал үнэн эсэхийг нягтлан шалгаж эхэлсэн аж.
Одоогийн байдлаар дэлхийн хамгийн олон ихэр хүүхэд амжилттай төрүүлсэн дээд амжилтыг 2009 онд найман ихэр хүүхдийн ээж болсон америк бүсгүй эзэмшдэг аж. Гэхдээ өнгөрсөн сард Мали улсын иргэн 25 настай Халима Циссе есөн ихэр хүүхэд төрүүлснээр тэр амжилтыг эвдсэн ч хараахан Геннисийн номонд бүртгэгдээгүй байгаа аж. Халимагийн есөн ихэр өдгөө Морокко улсын эмнэлэгт эрүүл, эсэн мэнд торниж байгаа гэнэ.