Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд манай улс 84.240 тун вакциныг өнөөдөр хүлээн авлаа. Энэ нь манай улсад Япон улсаас 21.5 сая ам.долларыг буцалтгүй үзүүлэх тусламжийн хүрээнд нийт 2.35 сая орчим тун ‘Файзер’ вакцин нийлүүлэхийн эхний хэсэг нь юм.
Тодруулбал, НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF)-аар дамжуулан Монгол Улсад хэрэгжүүлж буй ‘Коронавирусний цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхийг бэхжүүлэх төсөл’-ийн хүрээнд нийлүүлж байгаа юм. Вакцины эхний ээлжийг хүлээн авах ёслолын ажиллагаа өнөөдөр Буянт-Ухаа нисэх онгоцны буудалд болов. Энд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ГХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки, Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF)-ийн суурин төлөөлөгч Алекс Хайкенс болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Шадар сайд С.Амарсайхан, Япон улс манай Засгийн газрын хүсэлтийг хүлээн авч, вакцин нийлүүлэхэд болон вакцины хүйтэн хэлхээг бүрдүүлэхэд ийнхүү дэмжлэг туслалцаа үзүүлж байгааг онцлоод, ‘Энэ нь манай хүн амыг бүрэн дархлаажуулахад, нэн ялангуяа манай ирээдүй болсон хүүхэд залуучуудыг вакцинд хамруулахад үнэтэй бөгөөд бодит дэмжлэг болно’ гээд Япон улсын Засгийн газар, японы ард түмэн, төслийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлж буй НҮБ-ын Хүүхдийн санд гүн талархал илэрхийлэв.
Тэрээр мөн манай Стратегийн түнш бөгөөд гуравдагч хөрш Япон улсын Засгийн газар вакцины тусламжаас гадна Монгол Улсад нэн хөнгөлөлттэй зээл олгох, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлж, шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх, эрүүл мэндийн салбарын боловсон хүчинг бэлтгэх зэргээр хоёр талын болон олон талт хамтын ажиллагааны хүрээнд өргөн хүрээтэй дэмжлэг туслалцаа үзүүлж байгааг онцлон тэмдэглэв.