Өнөөдөр тангарагаа өргөсөн Ерөнхийлөгч У. Хүрэлсүхийн багт ажиллах эрхмүүдийн талаарх таамаглал хэвлэлээр хөвөрсөөр байна.
Ялангуяа тангараг өргөмөгцөө хамгийн түрүүнд ҮАБЗ-ыг хуралдуулахаар төлөвлөсөн нь Ерөнхийлөгч У. Хүрэлсүх ҮАБЗ-д онцгой анхаарал хандуулж буйн илрэл хэмээн ажиглагчид дүгнэсэн. Тиймээс ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргаар хэн томилогдох нь олны анхаарлын төвд байна.
Хэвлэлүүдээр УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд асан одоогийн болон өмнөх Ерөнхий сайдын ахлах зөвлөх, Ажлын албаны дарга Ж.Энхбаярыг томилно хэмээн таамаглаж байсан нь үнэн болов. Түүнийг ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргаар томилох зарлигт Ерөнхийлөгч У. Хүрэлсүх дөнгөж сая гарын үсэг зуржээ.Тэрбээр парламентын гишүүнээр гурван удаа сонгогдон УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга, Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа Батлан хамгаалахын багц хууль болон Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг шинэчлэн батлуулахад голлох үүрэг гүйцэтгэсэн цэрэг, аюулгүй байдлыг талаар арвин туршлагатай нэгэн юм. Тиймээс Ерөнхийлөгч У. Хүрэлсүхийн нүдээ олсон томилгоо энэ болов.