УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор Өршөөлийн тухай хуулийн төслийг хаалттай хэлэлцэж байна. Тус хуулийн төсөлд торгуультай жолооч нарын торгуулийг тэглэх заалт оруулжээ. Хуулийг долдугаар сарын 1-ээс хэрэгжүүлэхээр хуулийн төсөлд тусгасан.
Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Зөрчлийн тухай хуулийг хэрэгжүүлж эхэлснээс хойш 6.1 сая зөрчил бүртгэгджээ. Тухайн зөрчилд 168 тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан боловч өнөөдрийн байдлаар 73 тэрбум төгрөгийн торгууль төлөгдөөгүй байна. Тиймээс энэхүү торгуулийн төлбөрийг Өршөөлийн тухай хуулиар өршөөхөөр тусгасан. Хуулийн төсөл батлагдвал 150 хоригдлыг ялаас чөлөөлж, 469 хоригдлын ялаас хоёр жил хасна” гэлээ.
Хуулийн төслийн 8 дугаар зүйл. Зөрчлийн болон бусад шийтгэлээс чөлөөлөх
8.1.Энэ хуулийн 10.1-д зааснаас бусад Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулсан торгох, баривчлах, эрх хасах шийтгэлийн гүйцэтгээгүй байгаа, эсхүл хэсэгчлэн гүйцэтгэсэн бол үлдсэн хэсгийг өршөөн чөлөөлнө.
8.2.Энэ хуулийн 10.1-д зааснаас бусад Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд холбогдуулан нээсэн зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгоно.
Тус хууль нь 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 24 цаг 00 минутыг хүртэл хугацаанд 2002 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хууль болон 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг болон Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд хамаарахаар тусгасан.