Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Д.Эрдэнэбат нарын долоон хүнд холбогдох хэргийг шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчид болон хохирогч нар, тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2021 оны зургадугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцэв.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2020 оны наймдугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцээд, Д.Эрдэнэбат, Б.Болор нарыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Эрдэнэбатад нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 4 жил 6 сар хорих, Б.Болорт нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 6 сар хорих ял тус тус оногдуулсан.
Харин Д.Ганбатад Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс зарим үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Н.Золжаргал, Д.Ганбат, Д.Доржханд, Б.Минжбадам, Л.Санжаадорж нарт холбогдох хэргүүдэд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн билээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2021 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Д.Эрдэнэбатад оногдуулсан ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 27 сая төгрөгөөр торгох, Б.Болорт оногдуулсан ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 13 сая төгрөгөөр торгох болгон өөрчилсөн юм.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв.