Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүүхдийн зуслангуудын удирдлага, албан хаагчдад зориулсан цахим сургалтыг эхлүүлэв.
Сургалтын хөтөлбөрт стандарт, хөгжлийн хөтөлбөрийн агуулгаас гадна “Цар тахлын үед хүүхдийн зуслан ажиллуулах түр журам”, “Цар тахлын үед хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх түр журам”-ууд мөн багтжээ. Сургалтад зуслангуудын удирдлага, бүлгийн удирдагч, эмч, тогооч, захиргааны ажилтан зэрэг 100 гаруй албан хаагч хамрагдаж байна.
Өнгөрсөн онд коронавируст цар тахлын үед ажиллах хүүхдийн зуслангийн үйл ажиллагааны чиглэл, эрүүл ахуй, халдварын сэргийлэлт, хяналт, амрагч, байгууллага, ажилтны хүлээх үүрэг, хариуцлагатай холбоотой харилцааг зохицуулахаар Монгол Улсын Шадар Сайд “Коронавируст халдварын цар тахлын үед хүүхдийн зуслан ажиллуулах түр журам”-ыг батлуулж, 2020 оны 7 дугаар сарын 3-наас хүүхдийн 22 зуслан тус журмыг мөрдөн ажиллажээ. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан энэ жил журмыг үргэлжлүүлэн мөрдөх эсэхийг УОК-оос шийдвэрлэх аж.
Монгол Улсын хэмжээнд төр, хувийн хэвшлийн нийт 45 зуслан байдгаас 37 нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. ХНХЯ-наас 2019 онд хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа, ерөнхий шаардлага MNS5633:2019 стандартыг шинэчлэн баталж, хүүхдийн зусланд хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөр шинээр боловсруулж баталжээ.
Хүүхэдтэй ажиллах арга зүй, эрүүл аюулгүй орчинд сурч, хөгжих, тэдэнд ээлтэй орчин бүрдүүлэх, зуслангийн үйлчилгээний талаар арга зүйн дэмжлэг үзүүлэх энэ сургалт гурван өдөр үргэлжилнэ.