Улаанбаатар хот-Хөшигтийн хөндийд байрлах “Чингис хаан” олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон 32 км урт тууш замын хөдөлгөөнийг нээлээ.
Энэ зам нь “Яармагийн товчоо-Айцын даваа-Түргэний гүүр-Бөхөгийн хөтөл-Хөшигийн хөндий” гэсэн чиглэлтэй. Цааш үргэлжлэн Зуунмод, Мандалговийн авто замтай нийлдэг тухайн замыг сонгон хөдөлгөөнд оролцсон тохиолдолд буцаж эргэх, түр болон удаан зогсохыг хоригложээ.
Уг зам нь камерын бүрэн хяналттай бөгөөд хурдыг дундаж хурд, тухайн үеийн хурд гэсэн хоёр төрлөөр хэмжиж Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ тооцох аж. Иймд иргэд, жолооч замаа зөв сонгон хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.