УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнөөдөр чуулганы индэр дээрээс эмч, эмнэлгийн байгууллагын ажилчдын цалинг хоёр дахин нэмэхийг шаардлаа. Тодруулбал, төсвийн тодотголоо буцааж эмч нарын цалинг нэмж оруулж ирэхийг Ардчилсан намын бүлгээс шаардаж буйг онцоллоо.
Тэрбээр, “Эмч нар суулт зарлаад найм хонолоо. Төсвийн тодотголоор эмч, эмнэлгийн ажилтны цалинг хоёр дахин нэмэхийг УИХ-аас шаардаж байна. Тиймээс төсвийн тодотголоо буцааж татаад эмч нарын цалинг нэмж буцааж оруулж ирж хэлэлцүүлэхийг Ардчилсан намын бүлгээс шаардаж байна.
2020 оны наймдугаар сард төсөв тодотгоход хоёр чиглэлээр АН-ын бүлэг хоёр зүйлийг анхаараач ээ гэж шаардлага тавьсан. Нэгдүгээрт, музей, хөшөө, конторын барилга буюу нийтдээ 147 барилгын төсвийг царцаагаад 500 орчим тэрбум төгрөгийг хэмнэх боломжтой байсан. Хоёрдугаарт, цагдаа онцгой, эрүүл мэнд боловсрол гэх мэт тав зургаан байгууллагаас бусад төрийн байгууллагын зардлыг танаснаар 1.5 их наяд төгрөгийн хэмнэлт гарч ирэх юм байна. Нийтдээ хоёр их наяд төгрөгөөр төсвөө хэмнэвэл эрүүл мэндийн ажилчдын цалинг нэмж болох юм байна гэж сануулж байсан. Гэтэл үүнийг МАН үл тоож төсвөө баталсан. Хэмнэсэн мөнгөө үр дүнтэй зарцуулаад төрийн албан хаагчийн цалингаа нэмсэн бол өнөөдөр эмч нар ажил хаяхгүй байлаа” хэмээн МАН-ыг хатуухан шүүмжиллээ. Ингэж хэлэхдээ тэрбээр тусгайлан бэлдсэн лоозон барьж, Б.Булгантуяа гишүүний үгийг таслан “дэггүйтсэн” юм.