УИХ-аас 2021 оны долдугаар сарын 3-ны өдөр баталсан “Өршөөл үзүүлэх тухай хууль”-иар улсын хэмжээнд ял эдэлж байгаа нийт 4,175 хоригдлын 1,841 буюу 46.4 хувь, хамрагдахгүй 2,334 хоригдол буюу 53.6 хувь, хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн 3,669 ялтан хяналтад байгаагаас өршөөн хэлтрүүлэх 3,347, хамрагдахгүй 322 буюу нийт ялтны 91.2 хувь нь өршөөлд хамрагдахаар байгаа тухай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас мэдээллээ.
Энэхүү өмнөх 1991, 1996, 2000, 2006, 2009, 2015 оны өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй ба урьд “Өршөөл үзүүлэх тухай хууль”-д хамрагдаж суллагдан дахин гэмт хэрэг үйлдсэн 155 хоригдлыг өршөөлд хамааруулахгүй.
Өршөөл үзүүлэх хуульд хамрагдаж суллагдах болон хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж ял өөрчлөгдөх ажиллагаа нь дараах үе шаттайгаар явагдах юм байна.
- Хорих анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтсээс өршөөлийн хуульд хамрагдаж буй хоригдол, ялтны холбогдох бичиг баримт, лавлагаа, судалгааг харьяалах прокурорын байгууллагад хүргүүлнэ.
- Прокурорын байгууллага нь холбогдох бичиг баримт, лавлагаа, судалгааг хүлээн авч хянаж, холбогдох дүгнэлтийг шүүхэд гаргана.
- Шүүх тухайн хоригдол, ялтны өршөөлд хамруулахаар ирүүлсэн прокурорын дүгнэлт, хорих ангиас ирүүлсэн материалтай танилцаж, эцсийн шийдвэр буюу тогтоолыг гаргах байдлаар энэхүү үйл ажиллагаа хэрэгжинэ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх албаны хэмжээнд нийт 4,100 гаруй хоригдол ял эдэлж байгаа. Үүнээс:
- Шууд суллагдах буюу өршөөн хэлтрүүлэх эрэгтэй 157, эмэгтэй 3, нийт 160 хоригдол буюу 3.8 хувь
- Үндсэн болон эдлээгүй үлдсэн ялаас 2 жил хасагдаж суллагдах эрэгтэй 168, эмэгтэй 16, өсвөр насны 1, нийт 184 хоригдол, нийт суллагдах 344 хоригдол буюу 8.2 хувь
- 2 жил хасагдаж байгаа боловч хорих ялаа үргэлжлүүлэн эдлэх эрэгтэй 348, эмэгтэй 17, нийт 365 буюу 8.7 хувь
- Тав ба түүнээс доош жилийн хорих ялаар шийтгүүлсэн хоригдлуудын хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих эрэгтэй 1,086, эмэгтэй 41, өсвөр насны 3, нийт 1,130 хоригдол буюу 27 хувь.
Ингэснээр нийт хоригдлын 44.2 хувь өршөөлийн хуульд хамрагдаж байгаа аж.
Эмэгтэй 213 хоригдлын 43.7 хувь нь өршөөлийн хуульд хамрагдаж үлдсэн 56.3 хувь, өсвөр насны 25 хоригдлын 72 хувь өршөөлийн хуульд хамрагдаж, үлдсэн 28 хувь нь хамрагдахгүй.
Аймаг болон Улаанбаатар хотын дүүрэг бүрт 4-5 шүүгчийн бүрэлдэхүүнтэй комисс ажиллаж байгаа бөгөөд баривчлах байр болон төвд Зөрчлийн тухай хуулиар баривчлагдсан этгээдүүдийг өршөөлийн хуульд хамруулан суллажээ.
Хорих ял эдэлж буй хоригдлуудын хувьд шүүх, прокурорын байгууллагаас өршөөлийн хуульд хамрагдан суллагдах иргэдийн холбогдох бичиг баримт, лавлагаа, судалгааг хянах, дүгнэлт, гаргах үйл ажиллагаа явагдаж байна.
Хархорин сум дахь хорих ангиас суллагдаж буй иргэнийг Баянхонгор, Архангай, Булган аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас ирж хүлээн авч, ар гэрт нь хүргэнэ
Суллагдаж буй иргэдийг орон нутагт хүргэх ажлыг дараах байдлаар зохион байгуулахаар төлөвлөжээ.
Тухайлбал Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь хорих ангиас суллагдаж буй иргэнийг Баянхонгор, Архангай, Булган аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас ирж хүлээн авч, ар гэрт нь хүргэнэ.
Бусад алслагдсан аймаг болон Нийслэлийн харьяат иргэдийг Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт байрлах баривчлах байранд төвлөрүүлэн нэгдсэн журмаар орон нутагт нь хүргэх юм байна.