Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг өчигдөр /2021.07.06/ Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллаж, зарим албан тушаалтныг чөлөөлж, нэр бүхий зургаан албан тушаалтныг саатуулсан. Эргэн сануулахад, өнгөрөгч Баасан гаригт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус сумын нөхцөл байдалтай танилцаж, үүсээд буй асуудлыг шийдэж чадахгүй бол хариуцсан албан тушаалтанд арга хэмжээ тооцно хэмээн мэдээлж байсан. Эх сурвалжийн мэдээллээр Ерөнхий сайдыг тус суманд айлчлахаас өмнө, АТГ болон хууль хяналтынхан тус суманд гүйцэтгэх ажиллагаа явуулж хэд хэдэн ноцтой баримтыг илрүүлжээ. Эхний удаад баривчлаад байгаа зургаан эрхэм нь ачаа барааг санаатай гацааж, дундаас нь ашиг хонжоо олдог бүлэг жолооч нарыг шалгаж эхэлсэн байна. Тус сумын Засаг дарга Б.Анхбаярын тухайд шалгуулахад бэлэн байгаа гэдгээ мэдэгдсэн.
Энэ талаар АТГ-аас тодруулахад “Хойшлуулшгүй арга хэмжээ авахаар 48 цагийн хугацаанд цагдан хорих хүсэлтээ прокурорт хүргүүлсэн. Нэгжлэг, үзлэгийн ажиллагаа явагдаж байгаа учир тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна” гэлээ.
ГЕНЕРАЛ С.ГАНБАТЫГ ЗАМЫН-ҮҮДТЭЙ ХОЛБООТОЙГООР СААТУУЛСАН УУ?
Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар Дотоодын цэргийн штабын дарга, Бригадын генерал С.Ганбатыг дээрх зургаан албан хаагчийн хэрэгтэй холбогдуулан баривчилсан гэх мэдээлэл байна. С.Ганбатыг саатуулах үед гэрээс нь их хэмжээний бэлэн мөнгө, төрийн нууцтай холбоотой байж болох материал, чагнах төхөөрөмж зэрэг олдсон гэж хэвлэлүүд мэдээлж буй.
С.Ганбат нь 1990 онд Эрүүгийн цагдаагийн газарт Туслах төлөөлөгчийн статусаар ажлын гараагаа эхэлж, тус газрын дарга, Хонконг дахь Ерөнхий консулын газарт зөвлөх консулаар тус тус ажиллаж байжээ.