Дэлхийн баруун тал, бөмбөрцгийн хамгийн ядуу улс болох, хүн амынх нь 60 хувь өдөрт хоёр ам.доллараас ч бага өртгөөр амь зуудаг Гаити улсын улс төрийн хямрал үргэлжилсээр, эцэст нь эмгэнэлт байдалд хүрлээ. Гаити улсын Ерөнхийлөгч Жовенель Моизийг нийслэл дэх гэртээ байхад нь үл таних этгээдүүд халдаж, амь насыг нь бүрэлгэсэн харамсалтай хэрэг гарсан талаар тус улсын түр Засгийн газрын тэргүүн Клод Жозеф мэдээлэв. Тэрбээр “Ерөнхийлөгчийн Порт-о-Пренс дэх гэрт үл таних, зэвсэглэсэн этгээдүүд орон нутгийн цагаар 01:00 цагт дайран орж, халдлага үйлдсэн” хэмээн мэдэгдсэн байна. Халдлагын үеэр тус улсын Тэргүүн хатагтай Мартин Моиз гэмтэл авч, эмнэлэгт хүргэгдсэн ч амийг нь аварч чадаагүй аж.
Түр Засгийн газраас гаргасан мэдэгдэлд “2021 оны долдугаар сарын 6-7-ны Лхагва гаригт шилжих шөнийн 01.00 цагийн орчим үл таних этгээдүүд (зарим нь испаниар ярьж байжээ) Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгчийн хувийн сууц руу дайрч, амь насыг нь хохироосон” гэж дурджээ.
Клод Жозеф “хүнлэг бус, харгис үйлдэл”-ийг эрс буруушааж буйгаа илэрхийлээд, улс орны аюулгүй байдал Гаитийн үндэсний цагдаа, зэвсэгт хүчний хяналтад байгааг онцлон, ард иргэдээ тайван байхыг уриалсан байна.
Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон твиттер хуудастаа “Ноён Моизегийн үхэлд цочирдож, харамсч байна” гэж жиргээд, халдлагыг “жигшүүрт үйлдэл” хэмээн нэрлэж, тайван байхыг уриалжээ. Цагаан ордон тус аллагыг “аймшигт гэмт хэрэг” гэж нэрлэсэн байна. Хөрш Доминикан улс Гайтитай залгаа хилээ “нэн даруй хаах” тушаал өгчээ.
Гаитийн Ерөнхийлөгчийн амь насанд халдах оролдлого нэг бус удаа гарч байсан талаар хэвлэлүүд өмнө нь мэдээлж байв. “France Press” агентлаг өнгөрсөн хоёрдугаар сард “Гаити улсын Ерөнхийлөгч Жовенель Моизын амь насанд халдах, улмаар төрийн эргэлт хийхээр бэлтгэж байсан хэргээр 23 хүнийг баривчлан саатуулсан. Тэдний дотор Дээд шүүхийн шүүгчид, цагдаагийн өндөр албан тушаалын офицерууд байсан” гэж Гаитийн Хууль зүйн сайд Рокфеллер Винсентын хэлсэн үгээс иш татан мэдээлсэн билээ.
Тухайн үед Гаити улсын Ерөнхийлөгч Моиз “Ордны аюулгүй байдлын албаны даргад талархаж байна. Эдгээр хүмүүс миний амь насанд халдах зорилготой байсан. Гэсэн ч тэдний төлөвлөгөөг тасалдуулж чадлаа” хэмээн мэдэгджээ.
Ерөнхийлөгчийн албан тушаалд 2017 онд томилогдсон Моиз 2018 оны аравдугаар сарын 17-ны өдөр Гаити улсын үндэсний баатар Жан Жак Дессалины нас барсны 212 жилийн ойд зориулсан ёслолын ажиллагааны үеэр буудуулжээ. Тэрбээр хүнд бэртэл аваагүй ч гурван хамгаалагч нь гэмтсэн байна.
Моиз өөрийнх нь бүрэн эрхийн хугацаа жилийн дараа буюу 2022 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр дуусна гэж мэдэгдэж байсан бол сөрөг хүчнийхэн 2021 оны хоёрдугаар сарын 7-нд дуусна хэмээн үзэж, суудлаасаа буухыг шаардан, шахалт үзүүлсээр иржээ.
Эрх баригчдыг эсэргүүцэгчид олон жилийн турш жагсаал цуглаан зохион байгуулж, авлига, гэмт хэргийн нөхцөл байдалд санаа зовж буй талаар “France Press” мэдээлж байв. Цагдаагийнхан олон мянган хүн оролцсон жагсаал, цуглаануудыг нулимс асгаруулагч хий ашиглан, хүчээр тараадаг байжээ.
Гаитид өмнө нь 2020 оны хоёрдугаар сард төрийн эргэлт хийх оролдлого гарсан талаар тус улсын эрх баригчид мэдээлсэн. Тухайн үед эсэргүүцэгчид Гаитийн нийслэл Порт-о-Пренс хотод бэхлэлт босгож, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулахыг шаарджээ. Үнэндээ Гаитийн Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш Жовенель Моиз амар заяагаа үзээгүй гэхэд хилсдэхгүй нь. Тэрээр 2017 оны хоёрдугаар сараас Засгийн эрх барьсан бөгөөд авлигын хэрэгт буруутгагдаж, эсэргүүцлийн олон “давлагаа”-тай нүүр тулжээ. Хүмүүс түүнийг огцрохыг шаардаж, энэ оны эхээр нийслэл болон бусад хотуудад олныг хамарсан жагсаал цуглаан олон удаа болсон байна.
Олон жил ужгирсан тогтворгүй байдал, дарангуйлал, байгалийн гамшиг Гайтиг Америк тивийн хамгийн ядуу орнуудын нэг болгожээ. Харгис, хэрцгий болон хулгайлах гэмт хэргийн тоо өсч, 60 орчим хувь нь ядуурлын түвшнээс доогуур амьдарч буй тус улсад амьдрал улам бүр дордсоор буй аж.
2010 онд болсон газар хөдлөлтийн улмаас 200 гаруй мянган хүн амиа алдсан бөгөөд тус улсын дэд бүтэц, эдийн засагт ихээхэн хохирол учруулжээ.