Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр “Токио-2020” олимп, паралимпын наадамд Монгол Улсыг төлөөлөн оролцох баг, тамирчдад амжилт хүслээ.
“Токио-2020” олимпын наадам 2021 оны долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны өдрүүдэд Япон Улсад зохион байгуулагдана. Тус наадамд Монгол Улсаас түүхэндээ хамгийн олон спортын төрлөөр буюу нийт 10 төрлөөр 43 тамирчин оролцох юм.
Харин “Токио-2020” паралимпын наадам 2021 оны наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 5-ны өдрүүдэд болно. Тус наадамд Монгол Улсаас пара спортын 6 төрөлд 9 тамирчин эрхээ аваад байна.
Баг, тамирчдад амжилт хүсэх ёслолын ажиллагааны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын Төрийн далбааг олимпод оролцох Монголын багийн ахлагч Б.Баттүшигт гардуулан өгөв.