Улаанбаатар-Туркийн чиглэлд өчигдөр /2021.7.19/ 07:00 цагт ниссэн “Аэро-Монголиа” ХХК-ийн онгоц ОХУ-ын Челябинск-Анталья нисэх буудалд шатахуун аваад зогсож байхад нь зорчигчдыг буулгах зориулалттай шаттай автомашин тус онгоцны сүүлийг мөргөжээ. Онгоцны мөргүүлсэн хэсэгт ойролцоогоор 12 см орчим цууралт үүссэн тул нисэх боломжгүй болж, зорчигчид саатсан байна. Энэ талаар “Аэро-Монголиа” ХХК-иас тодрууллаа.
Өчигдөр Улаанбаатар-Туркийн чиглэлд өглөө 07:00 цагт ниссэн онгоц ОХУ-ын Челябинск-Анталья нисэх буудалд шатахуун аваад зогсож байхад нь манай агаарын хөлөгт хохирол учруулсан. Тухайн техникийн ослоос шалтгаалж нислэгийг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон. Аюулгүй байдлыг хангах үүднээс 131 зорчигчийг буулгаж, онгоцыг иж бүрэн техникийн үзлэгт оруулж, хяналт шалгалтыг хийх хүртэл тухайн хэсэгт байлгаж байгаа. Орост саатсан байгаа зорчигчдыг авахаар өнөөдөр МИАТ-ын онгоц 16:00 цагт хөөрнө. Тэгээд тухайн зорчигчдыг Туркийн Антальяд хүргэж өгнө.
Хохирлын хэмжээг тодорхойлж, аюулгүй байдлыг хангах зорилгоор ОХУ-ын зохих гэрчилгээгээр хангагдсан байгууллагаар тухайн онгоцонд үзлэг, шалгалтыг хийлгэж, хохирлыг барагдуулахаар ажиллаж байгаа. Газар дээр байхад үүссэн гэмтэл учраас зорчигч гэмтсэн асуудал үүсээгүй.
Зайлшгүй нөхцөл байдалд Covid-19 халдвар хамгаалалтын дэглэмийг баримталж зорчигчид хуучин нисэх буудалд байрлаж байгаа юм байна. Иргэний нисэхийн ерөнхий газраас энэ талаар тодруулахад дотоодын нислэгийн бүсэд хамаарахгүй асуудал учир манайд мэдээлэл ирээгүй. Тус компаниас асуух нь зүйтэй гэдэг тайлбарыг өглөө.