Польш улсын усан сэлэлтийн зургаан тамирчин холбооныхоо ерөнхийлөгчийн алдаанаас болж Токиогийн олимпод оролцож чадалгүй, нутаг буцжээ. FINA буюу Олон усан сэлэлтийн холбооноос Польш улсыг 17 тамирчнаа олимпод оролцуулах эрх олгосон боловч PZP буюу Польшийн усан сэлэлтийн холбооны ерөнхийлөгч Павел Сломински алдаа гаргаж, 23 тамирчнаа Токио руу илгээсэн аж. Ийнхүү буруу ойлголцол үүссэн учир холбооны зүгээс зургаан тамирчнаа хасч, нутаг буцаажээ.
Алдаа гаргасан ерөнхийлөгч Павел Сломински “Токиогийн олимпийн наадамд оролцох манай тамирчдын эрхийн талаар үүссэн асуудалд гүнээ харамсч байна. Ийм байдал үүсэх ёсгүй байсан бөгөөд тамирчдын сэтгэл хөдлөл, гаргасан үйлдэл, холбоогоо буруушааж буйг би зөвтгөж байна. Би олимпийн наадамд аль болох олон тамирчин, дасгалжуулагч оролцуулахыг хичээсэн” хэмээн мэдэгдэл гаргажээ.
Алисия Чурж, Бартош Пищорович, Александра Полянская, Матеуш Чованец, Доминика Коссаковска болон Ян Холу зэрэг зургаан тамирчин хүсэн хүлээсэн олимпийн наадамдаа оролцож чадалгүй, ерөнхийлөгчийнхөө алдаанаас болж нутагтаа иржээ.
2012 болон 2016 онуудын олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцож байсан Алисия Чурж өөрийн цахим хуудаснаа “Спортын ертөнцийн хамгийн том тэмцээнд оролцох гэж амьдралынхаа таван жилийг золиосолсон гээд төсөөл дөө. Хувийн амьдрал, ажил, гэр бүлээ хойш тавин байж, бүхнээ зориулж байхад эцэст нь азгүй амьтан боллоо” хэмээн бичжээ.
Харин Матеуш Чованец инстаграм хуудаснаа “Болсон зүйл намайг цочролд орууллаа. Миний хувьд энэ бол хэзээ ч байж болохгүй зүйл. Гол нь энэ хар дарсан зүүднээс сэрнэ л гэж найдъя” гэжээ. Мөн гэртээ эргэн ирсэн нэгэн тамирчин “Энэ алдаа бидний итгэл найдварыг үгүй хийлээ. Хайхрамжгүй алдаанаас болж бидний олимпийн тамирчин болох мөрөөдөл хулгайлагдлаа” хэмээн ярив.
Польшийн усан сэлэлтийн тамирчид холбооныхоо удирдлагуудыг огцруулахын тулд нэгдэж, гарын үсэг цуглуулж байгаа аж.
Польшийн соёл, спортын сайд усан сэлэлтийн холбооны ерөнхийлөгчөө энэ хэрэг дээр яаралтай тайлбар өгөхийг шаарджээ. Олимпийн наадмын дараа энэхүү хэргийг шалгаж, дүгнэлт хийх гэнэ.