Зуны 32 дахь олимпийн наадмын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр/2021.07.23/ 19.00 цагт эхэлнэ. Дэлхийн өнцөг булан бүрт суугаа сая сая хүн цэнхэр дэлгэцийнхээ өмнө “Токио- 2020”-ийн нээлтийг хүлээн суугаа. Наадмын нээлт гэдэг бол зохион байгуулагч орон өөрсдийнхөө түүх соёлыг дэлхийн дахинд сурталчлах, баг тамирчдаараа гангарах, улс үндэстнүүдийн төлөөллийг нэгэн дээвэр дор цуглуулах гайхалтай боломж.
Covid-19-ийн халдварын тохиолдол Токиод нэмэгдэж байгаа учир Тоёотагийн ерөнхийлөгч Акио Тоёода, Японы бизнесийн холбооны тэргүүн Масаказү Токүра, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мү Жэ Ин, Японы ерөнхий сайд асан Абэ Шинзо гэх зэрэг хүмүүс улс оронд нь Covid-19-ийн нөхцөл байдал хүндэрч байхад оролцож чадахгүй гэдгээ мэдэгдсэн юм. Мөн АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өөрийнхөө оронд эхнэр Жилл Байденаа илгээжээ. Харин Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон нар нээлтэд оролцохоор Токиод ирээд байна.
Токиогийн олимпийн нээлтийн үйл ажиллагааны ерөнхий продюссероор ажиллаж байсан, өдгөө ахлах зөвлөх хийж буй Марко Балич хэвлэлд өгсөн ярилцлагадаа нээлтийг “тайвшрал” авчирна хэмээжээ.
Баг тамирчид эхнээсээ олимпийн нээлтэд оролцох гишүүдийнхээ тоог зарлаад эхэлжээ.
Өмнөд Солонгос
- Олимпийн нээлтэд – 26 тамирчин
- Туг баригч – Хван Сүн Вү, Ким Ён Күг
- Багийн нийт гишүүдийн тоо – 354 (Үүний 232 нь тамирчин)
Канад
- Олимпийн нээлтэд – 30-40 тамирчин
- Туг баригч – Миранда Айм, Натан Хираяама
- Багийн нийт гишүүдийн тоо – 370
Энэтхэг
- Олимпийн нээлтэд – 50 тамирчин болон албаныхан
- Нийт гишүүдийн тоо – 228 (Үүний 119 нь тамирчин)
Австрали
- Олимпийн нээлтэд – 50 тамирчин болон албаныхан
- Нийт гишүүдийн тоо – 472
Харин Монгол Улсаас энэ долоо хоногт 72 хүний бүрэлдэхүүнтэй хоёрдугаар ээлжийн баг тамирчид Токиог зорьсон. Үүний 33 нь тамирчид болон дасгалжуулагчид байжээ. Харин нэгдүгээр ээлжинд бокс болон 3х3 сагсан бөмбөгийн тамирчид явсан. Монголын олимпийн туг баригчдаар жүдогийн тамирчин, МУГТ Ө.Дүүрэнбаяр болон 3х3 сагсан бөмбөгийн тамирчин О.Хулан нар сонгогдсон билээ.