УИХ-ын хаврын чуулганаар /2021.07.02/ Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан билээ. 2009 оноос хойш гурван Парламент, таван Засгийн газар дамжсан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-ын өнөөдрийн чуулганаар баталлаа. Уг хууль 13 бүлэг 160 заалттай. Хуулийг 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөх юм.
Хуулийн гол зорилт хөдөлмөрийн зах зээлд хөрвөх чадвартай боловсон хүчин бэлтгэх, ажилтан, ажил олгогч, нийгмийн түншлэлүүдийн зохистой харилцааг бий болгох, хөдөлмөрийн зах зээлийг олон улсын хөдөлмөрийн зах зээлийн чиг хандлагатай уялдуулж тал талын зохистой харилцааг бүрдүүлсэн цогц хууль юм.
Монгол Улсын 1.1 сая ажиллагчид, нийт ажил олгогчдын хөдөлмөрийн харилцааг зохицуулах Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Энэхүү хуулиар хөдөлмөр эрхлэлтийн гурвалсан харилцаа, цагаар ажиллах, гэрээсээ, зайнаас ажиллах, уртын ээлжээр ажил, үүргээ гүйцэтгэх, туслах малчнаар ажиллах зэрэг хөдөлмөрийн харилцааны шинэ хэлбэрүүдийг зохицуулсан.
Түүнчлэн ажил олгогч болон ажилтны хөдөлмөрийн харилцаан дахь эрх, хүлээх үүргийг зохистойгоор тэнцвэржүүлсэн. Хөдөлмөрийн гэрээний зохицуулалтыг боловсронгуй болгосон. Цалин хөлсийг гүйцэтгэл, бүтээмж, ур чадвартай нь уялдуулах, нарийн мэргэжлээр дагалдангаар ажиллах, дагалдангаар суралцах зэрэг нарийвчилсан зохицуулалтыг тусгасан юм.
Хуулийн суурь зарчмууд болох ялгаварлан гадуурхах, шударга байх, дарамт хүчирхийлэл, бэлгийн дарамтыг хориглох нийгмийн түншлэлийг хангах зохицуулалтыг тодорхой тусгажээ.
Тухайлбал, ажлын байранд аливаа хэлбэрийн ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэл, бэлгийн дарамтыг хориглож, түүнээс урьдчилан сэргийлэх, гомдол гаргах, шийдвэрлэх процессыг тодорхой зааж өгсөн.
ХӨДӨЛМӨРИЙН ХУУЛЬД ТУСГАСАН ОНЦЛОХ ЗААЛТУУД
- Жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй ажилтанг, өөрөө зөвшөөрөөгүй бол, амралтын өдөр нийтээр тэмдэглэх баяр ёслолын өдөр, шөнийн цагаар болон илүү цагаар ажиллуулах, томилолтоор явуулахыг хориглоно.
- Шинээр төрсөн хүүхдээ асрахад зориулж эцэгт нь ажлын 10-аас доошгүй хоногийн чөлөөг цалинтай олгох зохицуулалт тусгасан.
- Үл өрсөлдөх, үүрэг гэсэн зүйл шинээр нэмснээр ажил олгогчийн бизнесийн нууцыг чандлан хадгалах, шударга өрсөлдөөнийг дэмжих зохицуулалт бий боллоо.
- Ажил олгогч онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээтэй ажилтантай, харилцан тохиролцож, үйлдвэрлэл бизнесийнхээ нууцыг хамгаалах зорилгоор хөдөлмөр эрхлэлт дуусгавар болсноос хойш нэг жил, хүртэлх хугацаанд шууд өрсөлдөгч аж ахуй нэгж байгууллага, хувь хүнд ажиллах, эсхүл ажилтан өөрөө шууд өрсөлдөх үйл ажиллагаа эрхлэхгүй байх үүргийг хүлээлээ.
- Ажилтанд түүний цалин хөлс, хуулийн дагуу хийсэн суутгал зэрэг цалин хөлсний талаарх мэдээллийг сар бүр өгч байхаар ажил олгогчид үүрэг болгосон.
- Ажилтны ажлын цагийн дээд хязгаарыг тогтоож өгсөн. Ингэснээр ажилтан ажил, амьдралын тэнцвэртэй байдлаа хадгалах нөхцөл бүрдэнэ.
- Шөнийн цагаар ажилласан ажилтныг нөхөн амраагаагүй бол түүний дундаж цалин хөлсийг 1.15 байсныг нэмэгдүүлж тооцдог байсныг 1.2 дахин болгов.
- Аж ахуй нэгж байгууллага хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулаагүй бол ажиллуулбал зохих орон тоо тутамд ногдох төлбөрийг гагцхүү хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд зарцуулж, төлбөр хураалт, зарцуулалт, үр ашгийн талаар жил бүр олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр тайлагнана.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
ЗӨВ
ХАХА
ХӨӨРХӨН
ГАЙХМААР
ХАРАМСАЛТАЙ
ТЭНЭГЛЭЛ
БУРУУ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ