Хөшигийн хөндий дэх олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг даган бий болох Майдар, Шинэ Зуунмод хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2019 онд Засгийн газар батласан. Дээрх хотуудад нийтдээ 150 мянга орчим хүн амьдрах гэнэ. Мөн 2000 орчим тээвэр ложистикийн төв байгуулан олон улсын зэрэглэлд нийцсэн, эдийн засгийн тусгай бүс болох зорилготой байлаа.
Тэгвэл Засгийн газрын өчигдрийн /2021.08.11/ хуралдаанаар Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтуудыг хариуцаж ажиллах Ашиглалтын өмнөх захиргаа байгуулах шийдвэрийг гаргажээ.
Энэ талаар Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар “Монгол Улсад хамгийн сүүлд буюу 1980 онд Багануур хотыг барих шийдвэр гаргаж байсан. Харин 2020 оны дөрөвдүгээр сард УИХ-аас Төв аймгийн Сэргэлэн, Зуунмод зэрэг улсын зэрэглэлтэй сумд байрлах Хөшигийн хөндийд Шинэ Зуунмод, Майдар хотыг барих шийдвэр гаргасан. Тус хөндийд цогц бүтээн байгуулах ажил төлөвлөж байгаа бөгөөд усны нөөцийн судалгаагаар урьдчилсан байдлаар 150 мянган хүн амьдрах боломжтой гэж үзсэн. Хөшигийн хөндийн нисэх буудал ашиглалтад орсон учраас удахгүй барих Богдхан төмөр замыг дагасан тээвэр, ложистикийн бизнес хөгжихийн зэрэгцээ соёл, аялал жуулчлал, хөнгөн үйлдвэрлэлийн ажлын байр бий болно.
Тус хөндийд шаардлагатай хоногт 20 мянган метр куб бохир ус цэвэрлэх хүчин чадалтай гурван цэвэрлэх байгууламж, таван усан сан, авто замын сүлжээ, цахилгаан, дулааны станц, шугам сүлжээ зэрэг дэд бүтцийн ажлыг хийхээр төлөвлөжээ. Үүний дараа нэгдсэн төлөвлөлтийн дагуу орон сууц, үйлчилгээ, аж үйлдвэр зэрэг олон бүтээн байгуулалтын ажил үргэлжлэх юм байна. Хөшигийн хөндийн шинэ нисэх буудал ашиглалтад орсонтой холбогдуулан Засгийн газраас Богдхан төмөр зам барих ажлыг эхлүүлээд байна” гэлээ.
Дашрамд дурдахад, Шинэ Зуунмод хот нь анх Аэросити хэмээн нэрлэгдэж байсан ч 2020 онд УИХ-аас нэрийг нь өөрчилсөн юм.
ШИНЭ ЗУУНМОД УХААЛАГ ХОТ БАЙХААР ТӨЛӨВЛӨЖЭЭ
Шинэ Зуунмод хот нь Монгол туургатны бахархал, олон үндэстний эв нэгдлийг баталгаажуулсан хот болон хөгжих “нүүдэлчдийн хотын” концепци тусгажээ. Олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг түшиглэсэн гадаад, дотоодын хөрөнгө оруулагч, аялагчдын сонирхлыг татсан эдийн засгийн чөлөөт бүс бүхий хойд Азийн зорчигч, ачаа тээвэрлэлтийн нэгдсэн зангилаа, мэдээлэл технологи, био технологи, нано технологиийн чиглэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлсэн, өндөр технологийн инновацийн кластерын бүсийг байгуулсан, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжиж, ухаалаг тээврийн сүлжээг нэвтрүүлсэн ухаалаг хот байхаар төлөвлөжээ.
МАЙДАР ХОТ ЭКО ХОТ БОЛНО
Майдар хот төсөл нь орчин үеийн техник, техологид тулгуурласан төлөвлөлтийн шийдэл бүхий ухаалаг инженерийн дэд бүтэц бүхий манай орны соёл, ёс заншлыг бүрэн шингээсэн аялал жуулчлалын хөгжлийг дэмжсэн, их дээд сургуулиудыг нэг дор цогцолбор байдлаар төлөвлөсөн ногоон хөгжлийн зарчимд тулгуурласан эко хот байхаар төлөвлөсөн байна.
ЗУУНМОД ХОТ ТӨВИЙН БҮСИЙН ТУЛГУУР ТӨВ ХОТ БОЛНО
Тэгвэл Төв аймгийн Зуунмодыг Шинэ Зуунмод, Майдар хот төсөлтэй уялдсан Олон улсын шинэ нисэх онгоцны буудал, Богдхан төмөр зам, олон улсын хурдны авто замыг түшиглэн шинэ эх газрын боомт, холимог тээврийн логистик төв бүхий бизнес зангилаа буюу хөдөө аж ахуйд тулгуурласан, хөнгөн, хүнсний үйлдвэрлэл болон барилгын материалын үйлдвэрлэлд тулгуурласан үйлдвэрлэлийн парк бүхий төвийн бүсийн тулгуур төв байхаар төлөвлөсөн аж.
Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшгийн хөндийн олон улсын шинэ нисэх буудлыг түшиглэсэн Шинэ Зуунмод, Зуунмод хот, Майдар хот төслүүдийг цогцоор нь хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын хүрээлэн буй орчны болон агаарын бохирдлыг багасгах, хүн амын хэт төвлөрлийг сааруулах, эдгээр хотуудад аялал жуулчлал, үйлдвэрлэл, үйлчилгээ, логистикийг дагасан шинэ үйлчилгээ, ажлын байр бий болох бөгөөд тухайн бүс нутаг болон Улаанбаатар хотын иргэд ажлын байраар хангагдах зэрэг эдийн засгийг хөгжүүлэх бодит нөхцөл бий болно гэж албаныхан үзэж буй.