Шадар сайд С.Амарсайхан Агаараас эрэн хайх аврах 111 дүгээр анги байгуулах бэлтгэл ажлын явцтай энэ сарын 12-нд танилцав.
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрын Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд Францын төрийн сангийн зээлээр Онцгой байдлын ерөнхий газраас БНФУ-ын Иргэний аюулгүй байдал, гамшгийн удирдлагын газартай хамтран агаараас аврах ажиллагааны анги нэгж байгуулах төслийг хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд Онцгой байдлын байгууллагад нисэх хүчний нэгж шинээр байгуулан, нисдэг тэрэгний 12 нисгэгч, 12 механик, авианик, ослын үеийн яаралтай тусламж үзүүлэх 3 эмчийг сургаж дадлагажуулж байна.
Мөн Агаараас эрэн хайх, аврах, эмнэлгийн тусламж үзүүлэх үйл ажиллагаанд зориулан тоноглогдсон Airbus EC-145 T-1 загварын 3 нисдэг тэрэг, нисгэгч нарыг сургах бага оврын 1 нисдэг тэрэг, симулятор нийлүүлж, нисдэг тэрэг байрлах ангарыг байгуулаад байна.
Францын “Хэли-Юнион” компаниас нийлүүлж буй эхний ээлжийн “Airbus ЕС-145” загварын түргэн тусламж, авран хайх ажиллагааны хэрэгслээр тоноглогдсон хоёр нисдэг тэргийг инженер техникийн баг угсарч дуусчээ. Ирэх арваннэгдүгээр сард дахин нэг нисэх тэрэг оруулж ирэх юм.
Хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж байгаа уг төслийг амжилттай, үр дүнтэй эрчимжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар онцгой анхаарч буйг Шадар сайд онцлоод коронавирусний шалдвараас шалтгаалан гэрээнд заасан ажлууд хугацаа алдаж буй ч нисгэгчдийг сургаж дадлагажуулах гэрээг сунган аюулгүй байдлыг бүрэн хангуулахад хяналт тавьж ажиллана гэлээ. Тэрбээр Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн үйл ажиллагааг ирэх eсдүгээр сард эхлүүлэх бэлтгэл ажлыг хийж, хамтарсан туршилтын нислэгүүдийг үйлдэх нөхцөл боломж бүрдүүлэхийн тулд шаардлагатай бүх ажлыг хэрэгжүүлэхийг ОБEГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуянд даалгалаа.