Дэлхий дахинд цар тахал дэгдэж, сүүлийн хоёр жилийн хугацаанд эрүүл мэнд, эдийн засаг туйлдсан хүндхэн өдрүүд үргэлжилж байна. Монгол Улсын хувьд өнөөдрийн байдлаар вакцины эхний тунд 2.229.595 хүн хамрагдсан бол хоёр дахь тунд 2.062.110 хүн хамрагдсан талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв. Дэлхийн улс орнууд цар тахлыг хохирол багатай даван туулахын тулд энэ зунаас эхлэн вакцины “бүүстэр” тун буюу гуравдугаар тунг хийж эхэлсэн. Саяхнаас манай улсад вакцины гуравдугаар тунг зөвхөн зорилтот бүлгийн иргэдэд хийгээд эхэлжээ. Бид энэ талаар сурвалжлахаар Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны дархлаажуулалтын цэгийг зорив. Дархлаажуулалтын цэгт жирэмсэн болон 12-17 насны хүүхдүүд, мөн зорилтот бүлгийн иргэдийг гуравдугаар тунд хамруулж байгаа аж. Үдийн цайны цагийн дараа вакцины төв хүний хөлд дарагдаж эхэллээ. Үүднээсээ эхлээд хүмүүс дугаарлаж байгаагийн дийлэнх нь залуус. ‘Эхний хоёр тунгаа Синофарм үйлдвэрийн вакцин хийлгүүлсэн, гуравдугаар тунд хамрагдаж болох уу’ гэж дээрх төвд байсан нэгэн иргэн эмч нараас асуув. Эмч нар хариуд зөвхөн Астразенека вакцины хоёр тунд хамрагдсан иргэд гуравдугаар тунд хамрагдана гэдэг тайлбар өглөө.