Төрийн албан хаагчдын боловсролыг тусгайлан шалгаж, тодорхой шалгуурыг давсан хүн төрийн босгыг давдаг. Жил жилийн Засгийн газрын үед төрийн алба хаагчдыг чанаржуулах тал дээр онцгой анхаарсаар ирсэн. Тэгвэл тус шалгалтыг өгсөн иргэд буюу төрийн жинхэнэ албан хаагчийн статистик өнгөрсөн жилүүдэд хэрхэн өөрчлөгдсөнийг авч үзье.
Тус шалгалтыг авч эхэлснээс хойш 25 жилийн хугацаанд нийт 100 мянга гаруй хүн тус шалгалтыг өгчээ. Үндэсний статистикийн газраас гаргасан тооцооллоор 2021 оны байдлаар Монгол Улсад 205 мянга 11 төрийн албан хаагч байна.
Тэдгээрийг задалж үзвэл:
- Улс төрийн албанд 3619,
- Төрийн захиргааны албанд 20 мянга 553,
- Төрийн тусгай албанд 45 мянга 453,
- Үйлчилгээний байгууллагад 135 мянга 386 хүн ажиллаж байгаа юм.
Тэгвэл эдгээр хүмүүсийн тал хувь нь л шалгуурыг давж, тусгай шалгалтыг өгчээ. Төрийн албан хаагчийн шалгалтыг авч эхэлсэн цагаас эхлэн харвал:
- 1996-2005 он хүртэл жилд 7000 орчим буюу нийт 6500 гаруй хүн төрийн албан хаагчийн шалгалт өгч байв.
- 2011-2014 онд тус шалгалтыг цахимаар авах системд шилжсэнээр нийт 55 мянган шалгалт өгч байжээ.
- Үүнээс гурван жилийн дараа 2017 оноос нэг жилд өгөх шалгуулагчийн тоо 15 мянгад хүрч төрийн албанд ажиллаж буй хүний тоо 192 мянга 475 болсон.
- Харин 2019 онд 5988-аар нэмэгдэж шалгалт өгөх иргэдийн тоо жилд 7716 болжээ.
Он гарснаас хойш одоогийн байдлаар хоёр удаа шалгалт авсан бөгөөд үүний дараа төрийн жинхэнэ албаны нөөцөд буй хүний тоо 2315 иргэн бүртгэгджээ.
ШАЛГАЛТЫГ ЖИЛД 2-3 УДАА ЗОХИОХ НЬ ШАЛГУУЛАГЧДЫГ ШИГШИХЭД НӨЛӨӨЛДӨГ
1996-2007 оныг хүртэл жилд нэг удаа төрийн албан хаагчийн шалгалт авч байсан. Харин 2019 оноос жилд хоёроос доошгүй удаа шалгалт зохион байгуулна гэж заажээ.
Шалгалтын бүтцэд ерөнхий мэдлэг, монгол бичиг, дүн шинжилгээ хийх гэсэн гурван шалгалт багтдаг. Бүгд тус тусдаа босго оноотой.
Гурван шалгалтын нийлбэр дүн буюу 65-аас дээш оноотой байвал тэнцдэг зохицуулалттай аж.
Тэгэхлээр жилд дунджаар 7-10 мянга иргэн шалгалт өгөхөөр бүртгүүлж 6-7 мянга гаруй нь шалгалтад орж гурван шалгалтын дүнд 1000 гаруй хүн тэнцэнэ гэдэг бол харьцангуй бага дүн гэдгийг албаныхан онцолдог. Хэдийгээр олон мянган хүн товлолт шалгалтыг өгөхөөр зорьдог ч хангалттай дүн авч чаддаггүй билээ.
Төрийн албаны ерөнхий шалгалтыг төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй иргэнийг сонгон шалгаруулж, төрийн албан хаагчийн нөөц бүрдүүлэхэд оршино гэж хуульд тусгасан байдаг. Шалгалтад тэнцсэн иргэнийг зөвхөн тухайн аймаг, нийслэлийн төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэж, бүртгэлийн жагсаалтыг Зөвлөлийн цахим хуудсанд байршуулдаг. Үүний дагуу одоогийн байдлаар улсмын хэмжээнд зохион явуулсан хоёр удаагийн цахим шалгалтын дүнд 2315 иргэн бүртгэгдээд буй. Харин гурав дахь удаагийн шалгалт арваннэгдүгээр сарын 15-наас эхлэх товтой байгаа. Тус шалгалтад хэчнээн хүн бүртгүүлсэн дүн мэдээ гараагүй байгаа юм. Ямартай ч нэг шалгалтад орох хүмүүсээс 30 орчим хувь нь тэнцдэг байна.
ТӨРИЙН ЖИНХЭНЭ БА ТҮР АЛБА ХАШИГЧИД 50:50
Тэгэхлээр төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй, түүндээ бэлдэж буй хэн ч байсан шалгалтад тэнцэх боломжтой. Харин огт шалгалт өгөхгүйгээр төрийн жинхэнэ албанд тэнцсэн хүмүүсээс хэд нь тус шалгалтын босгыг давах нь сонирхол татаж байгаа юм.
Бэлтгэл сайтай хүнд шалгалт бол сорилт. Учир нь шалгалтын жишиг материалыг “Төрийн албаны шалгалтын сорил”-ын цахим ном болон жишиг сорилуудтай ажиллах боломжоор Төрийн албаны зөвлөл хангадаг. Энэ материалыг хэн өөрийн болгож бэлдэнэ тэр хүн шалгалтад тэнцэх бүрэн боломжтой гэсэн үг.
2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Төрийн албаны тухай шинэ хуулийн гол үзэл баримтлал нь төрийн алба мэргэшсэн, тогтвортой, чадахуйн зарчимд үндэслэхээс гадна тухайн албан тушаалд тавигдах шаардлага, шалгуурт нийцсэн боловсон хүчнийг сонгон шалгаруулж, зохих албан тушаалд нь томилох явдал. Мөн үр бүтээлтэй ажиллаж байгаа төрийн албан хаагч нарыг шатлан дэвшүүлэх зарчмын дагуу сонгон шалгаруулж, томилох зэрэг хуулийн хэрэгжилт юм. 1996 оноос авч эхэлсэн тус шалгалт төрийн албыг чанаржуулах үндсэн зорилготой. Тиймээс ч хэн дуртай нь төрийн албанд ороход бэрх хэмээн хүмүүс боддог. Бодит байдал дээр жилээс жилд орон тооны нөөцөд орж байгаа шалгалт өгсөн иргэдийн тоо өсч, шалгуулагчид чанаржиж байхад ямар ч хяналтгүйгээр алба хаших хэсэг хүн ч суудал бөглөн байсаар байна. Иргэдийн зүгээс төрийн бүх албан хаагчдад ижил тэгш шалгуур тогтоор ёстой гэсэн шаардлагыг тавьж байгаа юм.