АН-ын бүлгийн дарга Д.Ганбат өнөөдөр Д.Мөнх-Эрдэнийг бүлгийн зөвлөхийн албан тушаалд томилсон байна. Д.Мөнх-Эрдэнэ нь АН-ын гишүүн бөгөөд сүүлийн үед циркийн барилгын асуудлаар лайв бичлэг хийж, олон нийтийн анхаарлын төвд ороод буй.
Тэрбээр өөрийн цахим хуудаснаа “УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зөвлөхөөр томилогдлоо. УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Ганбатаас үнэмлэхээ гардаж авлаа. Төрийн ордны дотоод журам болон холбогдох хууль тогтоомжийг хүндэтгэж ажиллах болно. Монгол Төрийн минь сүлд ивээг” хэмээн бичжээ.
Түүний хувьд Ардчилсан намын бүлэг дотроо хоёр хуваагдсан байгаа. Ямар учраас ийм байдалд орсон талаар удахгүй лайв хийнэ хэмээн хэвлэлд яриа өгчээ.
Д.Ганбатыг УИХ дахь АН-ын бүлгийн даргаас чөлөөллөө хэмээн УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Н.Ганибал, Ц.Туваан нар өчигдөр /2021-10-18/ хэвлэлийн хурал хийж мэдэгдсэн. Гэвч Д.Ганбат эсрэгээрээ Н.Ганибалыг бүлгээс хассан, би дарга хэвээр гэх утгатай мэдэгдлийг хийгээд байгаа билээ.