‘Тавантолгой дулааны цахилгаан станц’ төслийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг цаг алдалгүй зохион байгуулж, төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийг Эрчим хүчний сайдад даалгалаа.
Төсөл санаачлагчийг төлөөлж, “Эрдэнэс-тавантолгой” ХК төслийн нийт санхүүжилтийн 30 хүртэл хувийг санхүүжүүлэх, тендерт оролцогч үлдэгдэл санхүүжилтийг Засгийн газрын баталгааг үндэслэн өөрөө санхүүжүүлэх (EPC+F) хувилбар санал ирүүлэх олон улсын нээлттэй тендер сонгон шалгаруулалтыг энэ оны аравдугаар сарын 21-ий өдөр зарлаж, 90 хоногийн хугацаанд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна.
Тендерийг амжилттай зохион байгуулснаар 2022 оны эхний улиралд багтаан гүйцэтгэгчтэй барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулах бөгөөд 2025 онд 450 МВт-ын шинэ дулааны цахилгаан станц, 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг байнгын ашиглалтад хүлээн авна.
Дулааны III цахилгаан станцын дэд бүтцэд түшиглэн барих төслийн ТЭЗҮ-г боловсруулж байна
Улаанбаатар хотын цахилгаан, дулаан хангамжийн тав дахь эх үүсвэрийг Дулааны III цахилгаан станцын дэд бүтцэд түшиглэн барих төслийн хэрэгжилтийн явцын талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх танилцуулсан байна.
Дулааны III цахилгаан станц нь Улаанбаатар хотын дулаан хангамжийн гол эх үүсвэрүүдийн нэг бөгөөд хотын дулааны шугам сүлжээний хамгийн оновчтой байршилтай боловч станцын үндсэн тоноглолуудын насжилт өндөр болж ашиглалтын хугацаа дууссан, эрсдэлтэй нөхцөлд байна.
Монгол Улс, ОХУ-ын төсөл хэрэгжүүлэгч байгууллагууд болох Интер РАО-Экспорт компани, Монгол Улсын “ДЦС-3” ТӨХК хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулж, хоёр талын хийх ажлын эзлэхүүнийг тохиролцжээ. Интер РАО-Экспорт компани төслийн ТЭЗҮ-ийг 180 хоногт багтаан Монголын талд ирүүлэхээр тохиролцжээ.
ТЭЗҮ-г үндэслэн ОХУ-ын Засгийн газраас авах экспортын зээлийн талаарх асуудлыг ирэх оны нэгдүгээр улиралд багтаан танилцуулахаар төлөвлөж байна.