Монгол Улсын 2022 оны төсвийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж буй. Манай улс түүхэндээ анх удаа 18.9 их наяд давсан хөрөнгийг зарцуулахаар төлөвлөөд байна. Харин 16.8 орчим их наяд төгрөгийн орлого олох буюу 2 их наяд төгрөгийн өр тавьж, ирэх оныг давна гэж төлөвлөсөн.
Орлогын тухайд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс 2 их наяд төгрөг олно гэж тооцсоноос 800 орчим тэрбумыг нь 36 сая тонн нүүрс экспортлон олно хэмээн тооцоолоод буй. Харин Монгол Улс 2021 оны аравдугаар сарын эхний байдлаар 12 сая тонн нүүрс экспортлоод байгаа билээ. Түүнчлэн ТӨК-уудын төрийн өмчид ногдох хувьцааны ногдол ашгийн орлогоос 404.5 тэрбум төгрөг орж ирнэ гэсэн нэлээд өөдрөг төсөөллөөр Засгийн газар төсвөө боловсруулаад байна.
Улсын төсвийн хөрөнгөөр 2022 онд нийт 1,318 төсөл арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсний 627 буюу 48%-ийг нь ирэх онд шинээр эхлүүлэхээр төлөвлөсөн байна. Тэдгээрээс 42% буюу 264-ийг нь 2022 ондоо бүрэн санхүүжүүлэх юм байна. Гэвч Төсвийн тухай хуулийн тусгай шаардлагад нийцээгүй 63 төсөл арга хэмжээг энэ удаагийн төсвийн төсөлд тусгасан байгаад Үндэсний аудитын газраас гаргасан юм.
- Төсвийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3.5-д “Хөрөнгө оруулалтын төсөвт техник, эдийн засгийн үндэслэл хийгдсэн, зураг төсвөө батлуулсан, хуульд заасан бусад зөвшөөрөл олгогдсон төсөл, арга хэмжээг тусгана” гэж заасан байдаг.
- Төсвийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3.5-т заасан “Шинээр эхлэх барилга, байгууламж, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний нийт төсөвт өртгөөс тухайн жилд ногдох хэсэг нь төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх хугацаанд тэнцүү хуваарилсан хэмжээнээс багагүй байхаар тооцож тусгах” гэсэн тусгай шалгууртай.
Тэгвэл 2022 оны төсвийн төсөлд эхний шалгуурт нийцээгүй, 3 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй нэг төсөл, хоёр дахь шалгуурыг хангаагүй, 192.7 тэрбум төгрөгийн санхүүжилт төсөвлөсөн 62 төсөл, арга хэмжээ байна.