Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Үргэлжлүүлэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Сангийн сайд Б.Жавхлан “Эдгээр хуультай хамт Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг боловсруулж өргөн мэдүүлсэн бөгөөд дараах зохицуулалтыг тусгасан.
Хуримтлалтай хүүхэд хөтөлбөрийг Ирээдүйн өв санд төвлөрөх тухайн жилийн орлогыг арилжааны банкан дахь хүүхдийн нэрийн дансанд хуримтлал хэлбэрээр байршуулахаар төлөвлөж, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Уг төсвийг нэгдсэн төсвийн бүрэлдэхүүнд хамааруулах зорилгоор Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсрууллаа” гэдгийг хэлэв.
16:17 2021/10/21
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Хүнсний бараа бүтээгдэхүүний цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан буурахааргүй байна. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс дулаан, цахилгааны мөнгийг төрөөс хариуцах ажил зогсоно. Дөрөвдүгээр сараас бүх төрлийн банкны зээлийн хүү нэхэгдээд эхэлнэ. ААН, иргэдийн ачаалал улам нэмэгдэж бүр л амаргүй болно. Энэ тал дээр ямар бодлого баримтлах вэ?” хэмээв.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Халамжаас хөдөлмөрт шилжье гэдэг томоохон зорилтыг дэвшүүлж байгаа. Хэн халамжийг хүлээж авч чадаж байна гэдэг дээр судалгаа хийгээд, ямар ур чадвар суулгах, ажлын байранд зуучлах вэ гэдэгт тусгайлсан бодлогыг дэвшүүлээд явж байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хүнс тэжээлийн дэмжлэг авч байгаа иргэд 20 мянган хүнээр буурсан. Хэнтий аймгийн Баян-Овоо сумын иргэд хүнсний талон авдаггүй. Хүнс тэжээлийн дэмжлэг авч байсан иргэдтэйгээ тулж ажиллаад ажил хөдөлмөрт зуучилж байгаа нь сайн хэрэг.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд жилд 100 тэрбум төгрөг тавигддаг. Өмнө нь зарцуулж байсан төсөв гурав дахин нэмэгдэж, зорилтот бүлэгтээ хүрэхээр болсон. Уг сангийн хөтөлбөрүүдийг өргөжүүлж, эмэгтэйчүүдэд зориулсан хөтөлбөр гаргахаар ажиллаж байна” гэв.
Сангийн сайд Б.Жавхлан “Өнгөрсөн жил 2.6 их наяд төгрөгийн төсөвтэй багц арга хэмжээ авсан. Энэ жил 4.3 их наяд төгрөгийн багц арга хэмжээ авч байгаа. Үүнээс ирэх жил хүүхдийн мөнгө үндсэндээ бүтэн үргэлжилнэ. Цахилгаан, дулааны мөнгөний хөнгөлөлт энэ оны арванхоёрдугаар сарын 31-н гээд дуусна. Энэ хөнгөлөлт долдугаар сарын 1-н гэж дуусах байсан ч сунгасан.
Ирэх жил эдийн засгийн болон цар тахлын нөхцөл байдал харьцангуй сайжирна. Хорио цээрийн дэглэм буурна. Гадаад худалдаа, хилийн нэвтрэн өнгөрүүлэх чадвар сайжирна гэж төсөөлөн 2022 оны төсвийг төлөвлөж, УИХ-д өргөн барьсан. Бичил бизнес эрхлэх зорилготой иргэдээ дэмжих 10 их наядын хөтөлбөр үргэлжилнэ.
Гурван хувийн хүүтэй ажлын байрыг дэмжих зээлийг эргэлтийн хөрөнгөөр олгож байсан бол ирэх жил хөрөнгө оруулалтын зориулалт нэмэгдэж, үргэлжилнэ. Хөдөө аж ахуй, газар тариалан, мал аж ахуй эрхэлдэг иргэдэд зээлийн хөтөлбөр үргэлжилнэ. Халамжийн гэхээс илүүтэй хөдөлмөр бүтээмжийг үнэлсэн, бизнесийн үйл ажиллагааг дэмжсэн Засгийн газрын хөтөлбөрүүд ирэх жил хэрэгжинэ” гэлээ.
14:38 2021/10/21
Хууль санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар “Манай улсын төсвийн зардал жилээс жилд ихэсдэг. Сумын төвийн соёлын төв, бассейн зэрэг дандаа зарлага гаргадаг. Ирээдүйд урсгал зардлаа нэмэгдүүлэхгүй байх талаас нь яаж анхаарах вэ? Төсвийн хүрээний мэдэгдэл дээр хэрэглээний үнийн индексийг 6.7 байхаар төсөөлсөн байна. Өнөөдөр бол 12, 13 хувь байгаа. Оны эцэст хэд болж нэмэгдэхийг мэдэхгүй. Зарим бүтээгдэхүүний үнэ илүү өссөн. Ажлаа хийж дуусаагүй байж, Замын-Үүд, Эрээний асуудал шийдэгдлээ гэдэг. Гэтэл бодит байдал дээр шийдэгддэггүй. Барааны хомсдол үүслээ” хэмээв.
Сангийн сайд Б.Жавхлан “Төсвийн зарлага талд ярьж байгаатай санал нэг байна. Төсвийн зарлага дээр урсгал болон хөрөнгө оруулалтын зардал гэж харах хэрэгтэй. Урсгал зардлыг ДНБ-д харьцуулж үзвэл цар тахлын үед 30 хувь болсон. 2022 оны урсгал зардал ДНБ-д эзлэх хувь хэмжээ нь 28 хувь байгаа. Адил түвшний хөгжилтэй орнуудтай харьцуулахад дээшээ доошоо тоо байхгүй.
Харин хөгжингүй орнуудтай харьцуулбал бага талдаа. Урсгал зардлыг тэлдэг хөрөнгө оруулалтуудаас татгалзах хэрэгтэй гэдэгт санал нийлж байна. Энэ бодлого, хөрөнгө оруулалтын хуваарилалтаар 2022 оны Төсвийг өргөн барьсан. Ялангуяа ирэх онд эхлэх шинэ хөрөнгө оруулалтууд Уул уурхай, Зам тээвэр, Эрчим хүч, Эрүүл мэнд, Барилга хот байгуулалтын яамны эхлэх шинэ хөрөнгө оруулалт нийт хөрөнгө оруулалтын 60 гаруй хувь байгаа. Эдгээр нь өрсөлдөх чадварыг сайжруулж, өртгийг бууруулах хөрөнгө оруулалтад түлхүү анхаарч Төсвийн хуулийг өргөн барьсан” гэлээ.
13:23 2021/10/21
УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.05.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
- Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг нарын 4 гишүүн 2021.05.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
- Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл “Их хуралдай” танхимд /Засгийн газар 2021.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, хаалттай, үргэлжилнэ/
- Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/
- “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2021.09.27-ны өдөр ирүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын 3 гишүүн 2021.05.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Т.Доржханд нар 2021.10.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ • Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор Боловсрол, шинжлэх ухааны сайдад хандан “Шинжлэх ухаан, технологи, инновацын салбарын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар” тавьсан асуулгын хариуг сонсох зэрэг асуудлыг хэлэлцэнэ.