Хятадын Төрийн зөвлөлийн Урьдчилан сэргийлэлт, хяналтын төвөөс өвлийн улирал ирж байгаатай холбогдуулан халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах ажлын явцыг аравдугаар сарын 24-нд танилцуулав.
Үндэсний эрүүл мэндийн комиссын хэвлэлийн төлөөлөгч Ми Фэн тус улсад аравдугаар сарын 17-ноос хойш олон тооны халдвар илэрч, ганцхан долоо хоногийн дотор 11 мужид тархсан талаар мэдээлэв. Халдварын тохиолдлуудын ихэнх нь муж дамнан аялал зугаалга хийсэн хүмүүс байгааг онцолж, халдвар цаашид нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулжээ.
Халдварын эх үүсвэрийг тодруулах ажил явуулж байгаа талаар Үндэсний эрүүл мэндийн хорооны өвчний хяналтын хорооны орлогч дарга Ву Ляньёу мэдэгдсэн юм. Тодруулбал, одоогоор бүртгэгдсэн 133 тохиолдлоос 106 нь ямар нэгэн хэлбэрээр аялал зугаалга хийсэн хүмүүс байжээ. Тиймээс энэ удаагийн халдварын эх үүсвэр дотоодод гарсан гэхээс илүүтэй гаднаас орж ирсэн байх магадлал өндөр байгааг онцлов.
Хятадын Зам тээврийн яамны Онцгой байдлын газрын орлогч дарга Жоу Мин дунд болон өндөр эрсдэлтэй бүс нутагт хамаарах гацаа тосгоны гарах, орох замын хөдөлгөөнийг, хотын бүсийн автобус, такси, шуудангийн үйлчилгээг түр зогсоосон гэж мэдээлжээ.
Өнөөдрийн байдлаар Ланжөү, Жяюгуан, Жан Е, Ганьсү, ӨМӨЗО-ы Эрээн хот зэрэг газруудад зам тээврийн үйлчилгээг бүрэн зогсоосон байна. Соёл, аялал жуулчлалын яамны Зах зээлийн удирдлагын газрын дарга Лю Кежиний хэлснээр, муж дамнасан аялал жуулчлалын үйл ажиллагааг хянах ажлыг хатуу хэрэгжүүлж байгаа аж.