Төрийн албаны хүний нөөцийг бүрдүүлэх зорилго бүхий ерөнхий шалгалтыг 2021 оны 3 болон 6 дугаар саруудад Төрийн албаны зөвлөлийн аймаг, нийслэл дэх Салбар зөвлөлүүд олон нийт, мэргэжлийн байгууллагуудтай хамтран хоёр удаа зохион байгуулаад байгаа билээ.
Энэ оны намар зохион байгуулах төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэл 10 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл нэг сарын турш явагдаж, нийт 8,313 иргэн, түүний дотор нийслэлээс 4,145 иргэн бүртгүүлжээ.
Ерөнхий шалгалтын танхим, орчинд халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж, эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангах, гарч болзошгүй эрсдэлийг шуурхай шийдвэрлэх, шалгалтын бүртгэл мэдээллийг улсын бүртгэлийн “Хур систем”-тэй тулган нягтлах, шалгалтыг кибер халдлага, хөндлөнгийн нөлөөлөлгүй явуулж, мэдээлэл сүлжээний аюулгүй байдлыг хангах, интернэт сүлжээний найдвартай байдлыг хангах зэрэг арга хэмжээг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран авч хэрэгжүүлэх юм байна.