БНХАУ-ын түүхэнд онцгой жил болох 2021 онд Ши Жиньпиний ажлын хуваарь шахуу байв. Тэрбээр сүүлийн хэдэн сарын хугацаанд намын 100 жилийн ойн бага хуралд илтгэл тавьж, бүх талаар чинээлэг нийгэм байгуулсныг зарлаж, Түвдэд зочилж, Хятадын анхны сансрын станцад ажиллаж буй сансрын нисэгчидтэй ярилцаж, НҮБ-ын веб бага хуралд оролцсон юм.
Цаашлаад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден зэрэг дэлхийн удирдагчидтай видео уулзалт хийсэн билээ.
Энэ долоо хоногт ХКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин 19 дэх удаагийн намын “Зургадугаар бүгд хурал”-д оролцож буй. Энэхүү уулзалтаар Хятадын Коммунист намын 100 жилийн түүхэнд гаргасан ололт амжилт, түүхэн туршлагыг танилцуулна гэжээ.
Хятадын Коммунист нам 72 жилийн турш засгийн эрх барьж буй бөгөөд ийм урт хугацаанд төрийн хэргийг тасалдуулалгүй авч явсан нам дэлхийн түүхэнд ховор юм. Өнөөдрийн байдлаар Ши Жиньпин тус намын удирдлагын гол хүн юм. Түүнээс өмнө Мао Зэдун, Дэн Сяопин, Зян Зэминь, Ху Жинтао тэргүүтэй дөрвөн хүн хэдэн арван жилийн турш намын удирдагыг атгаж байв.
Ши Жиньпин 2012 оны арваннэгдүгээр сард ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсоноос хойш шийдэмгий, тууштай, ажил хэрэгч, гүн гүнзгий бодолтой, алсын хараатай нэгэн байсан төдийгүй нэг талаас намын түүхийг залгамжлагч, нөгөө талаас шинийг санаачлагч зоригтон байв.
“Channel News Asia”-гийн мэдээлснээр түүний удирдлага дор Хятад улс хүчирхэг орон болсноос гадна хүчирхэг эринд шилжиж буй юм. Ийнхүү есөн жилийн өмнөхтэй адилаар түүнийг боломж, сорилтын өмнө намаа хэрхэн удирдах, Хятадыг дэлхийн тавцанд хэрхэн эргүүлэн авчрахыг дэлхий нийт анхааралтай ажигласаар байгаа билээ.
КОММУНИСТ НАМЫН ЧУХАЛ ХҮН
Хятадын Коммунист намын түүхэн тогтоолыг гаргасан хоёр хүн л байдаг. Хятад улсын өдгөөгийн дарга Ши Жиньпин гурав дахь хүнээр тодрох туйлын магадлалтай байна. Түүнийг Коммунист намын удирдагчаар таван жилээр хоёр удаа сонгогдох тогтсон уламжлалыг эвдэж, гурав дахь удаагаа сонгогдохоор төлөвлөж байна хэмээн үзэж буй юм.
Мао Зэдун, Дэн Сяопин нарын тогтоолууд түүхийн замналын эгзэгтэй мөчүүдэд гарч ирж байснаар хоёр удирдагчид улс төрийн тавцанд онцгойрох боломж олгож байв. Харин Ши Жиньпиний хувьд өөрийн гэсэн шинэ санаа дэвшүүлэх нь намын аваргуудтай хөл нийлүүлэн алхах боломж олгохоос гадна дэлхийн хоёр дахь том эдийн засгийг бүрдүүлэгч улс оронд асар их өөрчлөлт авчирч мэдэх юм.
ЗУРГАДУГААР ЧУУЛГАН
Коммунист намын зургадугаар бүгд хурлаар үндэсний удирдагч, цэргийн дарга, мужийн удирдагч, шилдэг эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн 400 орчим хүн Бээжингийн цэргийн өндөр хамгаалалттай зочид буудалд цугларав. Хятадын элит улс төрийн нэгэн адилаар хурлаар хэлэлцэх асуудал маш нууц түвшинд байх бөгөөд зөвхөн дараагийн мэдэгдэлд ил болох билээ.
Зургадугаар бүгд хурал нь Хятадын улс төрийн таван жилийн мөчлөгийн томоохон хурал болохын хувьд зарим талаар ихээхэн чухал төдийгүй дараа жилийн чуулганы шийдвэр гаргахаас өмнө тохироо хийх сүүлчийн боломж юм. Тус чуулганаар “Намын 100 жилийн томоохон амжилт, түүхэн туршлага”-ыг хэлэлцэх талаар “Xinhua” агентлаг мэдээлсэн.
1981 онд болсон ХКН-ын Төв Хорооны зургадугаар бүгд хурлаар Дэн Сяопин Маогийн алдааг буруушаасан түүхэн тогтоолоо баталж, соёлын хувьсгалыг өлсгөлөн, үхэлд хүргэсэн гэдгийг нийтэд зарлаж байв. 2016 онд болсон үүнтэй төстэй дээд хэмжээний уулзалтаар тус нам Ши Жиньпинийг гол удирдагчаар нэрлэсэн бөгөөд энэ нэр томьёог өмнө нь Дэн, Мао, Зян Зэминь нарын эзэмшилд байсан билээ.
ЭНЭ ЯАГААД ЧУХАЛ ВЭ?
Ши Жиньпин дэлхийн нийт хүн амын тавны нэгийг захирдаг удирдагчийн хувьд гаргах шийдвэр нь асар их нөлөөтэй юм. Хятадын хамгийн чухал хүн тэрбээр илүү шударга марксист нийгэм байгуулахын төлөө үндэсний баялгийг дахин хуваарилах эрхэм зорилгыг хэдийнэ хүлээжээ.
Түүний шийдвэрээс улбаатайгаар өнгөрсөн долдугаар сард дэлхийн зах зээлийн үнэлгээнээс Хятадын хувьцааны нэг их наяд ам.доллар үгүй болсон юм. Энэ нь хүргэлтийн жолооч, багш нараас эхлээд технологийн томоохон компаниуд, алдартнууд, дэлхийн хөрөнгө оруулагчдын бизнест хүртэл нөлөөлсөн билээ.
Цаашлаад Ши Жиньпиний түүхэн шийдвэр ирээдүйн улс төрийн үйл ажиллагаанд нөлөөлж, эдийн засгийн илүү их шинэчилж болох юм. Тэр дундаа Тайванийн асуудлаар АНУ-тай сөргөлдөх магадлалтай байна. Ши Жиньпин өнгөрсөн долдугаар сард тус арлыг Коммунист намын мэдэлд оруулах нь “түүхэн даалгавар” гэж мэдэгдсэн. Хэрвээ энэ арга хэмжээг авч хэрэгжүүлбэл Бээжин, Вашингтон хоёрыг дайнд хүргэж болзошгүй юм.