Нийслэлийн авто замын түгжрэлийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар Засгийн газар өнөөдөр хэлэлцсэн байна.
Энэ үеэр
- Улаанбаатар хотод шинээр бүртгэгдэх тээврийн хэрэгслийн тоог 10 орчим мянгад хязгаарлах замаар квот тогтоох,
- Хос хөдөлгүүртэй автомашины татварын хөнгөлөлтийг цуцлах,
- Буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг замын хөдөлгөөнд оролцохыг хориглох зэрэг саналыг дэвшүүлсэн талаар мэдээлсэн.
Дээрх саналтай холбоотой шийдвэр гарсан эсэхийг нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазараас тодрууллаа.
Тэрбээр “Буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн талаар иргэдээс санал авна. Эцсийн шийдвэр гараагүй. Иргэдийн хэдэн хувь нь буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг хэдэн оноос хойш нийслэлийн авто замаар зорчуулахгүй байх вэ гэж үзэх нь нийслэлийн баримтлах бодлого байх болно.
Улаанбаатар хотын түгжрэл амаргүй байгаа. Жил бүр 70-80 мянган тээврийн хэрэгсэл нэмэгддэг. Жилд хүн ам 31 мянгаар нэмэгддэг. Хүн амын өсөлт, тээврийн хэрэгслийн нэмэгдлийг зохицуулах нь зүй ёсны асуудал, гэхдээ иргэдээсээ асууна” гэв.