Цахим засаглалд шилжих, хүнд суртал, авлигагүй төрийн үйлчилгээг бүрдүүлэх үндэсний хорооны өнөөдөр болсон хурлын үеэр авлигыг бууруулах чиглэлээр хийж байгаа ажлаа сайд нар танилцууллаа.
Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар 1111 утсанд өнгөрсөн хугацаанд цаг үетэй холбоотойгоор хүүхдийн сургуульд хамрагдалт, коронавирусийн халдвараар бага насны хүүхдүүд өвчилж байгаа, эмнэлгийн орны ачаалал их байгаа болон газрын асуудлаар хамгийн их гомдол санал ирснийг хэлээд хийж буй ажлуудаасаа дурдав.
Тэрбээр “УИХ-д өргөн барихаар төлөвлөсөн хуулиудаа яаран батлуулж, хүний оролцоотой бус хиймэл оюун ухаанд суурилан шийдвэр гаргадаг болсноор энэ асуудлууд арилна гэж ойлгож байгаа. 2022 оны гол зорилт бол Газрын багц хууль. 2001 онд батлагдсан энэ хууль 2002 онд шинэчлэгдсэн Иргэний тухай хуультай зөрчилдөж ирсэн том алдааг засаж байгаа. Хууль шинэчлэгдсэнээр газрыг эдийн засгийн эргэлтэд оруулж, хэн өндөр үнэ хэлсэн нь бүх зориулалтаар газар авах боломж нээгдэж байгаа. Аль байршилд ямар газар авах хүсэлтээ нэг жилийн өмнө цахимаар гаргасныг нутгийн өөрөө удирдах байгууллага ёсчилж, ирэх оныхоо газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулдаг болно” гэлээ.
Мөн Монгол Улс АНУ-тай Ил тодын хэлэлцээр байгуулсан бөгөөд энэ хүрээнд хүлээсэн хамгийн том үүрэг бол гадаадын хөрөнгө оруулагчдад бизнесийн эрх зүйн орчны бүх хууль тогтоомжийг төсөл байхаас нь эхлээд хэлэлцүүлгийн бүх шатанд англи хэл дээр орчуулан Legalinfo.mn-д байршуулж, нээлттэй болгох аж.
ОУВС зэрэг олон улсын байгууллагуудын зүгээс Дампуурлын хуулийг шинэчлэн найруулж байж ил тод байдал, эдийн засгийн өсөлтөд үр дүн гарна гэдэг шаардлага тавьжээ.
“Транспарэнси Интернэшнл” олон улсын байгууллагаас Улс төрийн намын санхүүжилтийн тухай хууль болон Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн тухай хуулиа батлан гаргах хэрэгтэй байгааг зөвлөсөн талаар ХЗДХ-ийн сайд мэдээлэв.
Тэрбээр “Авлигын индексийг хоёр оронтой тооноос буулгах чухал ажил бол татварын эрх зүйн орчин, хяналт шалгалт, татварын цагдаатай болоход ахиц гаргах явдал. Өнгөрсөн хугацаанд ХОМ гаргаж ирсэн ч албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүдийн татварын төлөлттэй холбоотой мэдээлэл төдийлөн ил биш, бүртгэл тооцоо муу байгаа нь Нийтийн албанд хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулийн хэрэгжилтийн үр нөлөөг хойш чангааж байна” гэлээ.