Хятадын талаас боомтын асуудлаар “Түр цагийн журам” нэртэй төлөвлөгөө Монгол Улсын талд танилцуулсан талаар Гадаад харилцааны яамнаас мэдээлсэн. Энэ төлөвлөгөөний хариуг өгсөн эсэх болон хил хэзээ нээгдэх талаар Гадаад харилцааны яам, Зам тээврийн хөгжлийн яам, Сангийн яамнаас тодрууллаа.
ГХЯ: МОНГОЛ-ХЯТАД ЖОЛООЧИЙГ ХАВЬТАЛД ОРУУЛАХГҮЙГЭЭР ТЭЭВЭРЛЭЛТИЙГ ЯВУУЛНА
Хятад хилээ хаагаагүй гэдгийг тодотгож хэлэх нь зүйтэй. Автозам, зорчигч тээвэр хязгаартай байгаа. Төмөр зам, барааны эргэлт хэвийн үргэлжилж байна. Ирэх 20 хоногт автозамын ачаа тээврийн асуудлыг шийдвэрлэхээр зорилт тавин ажиллаж байна. Хятад, монгол жолооч нар хавьталд орохгүй байж, халдвар хамгаалалтын дэглэмээ баримталж чадвал 20 хоногийн дараа автозамын тээвэрлэлт хэвийн үргэлжилнэ.
Хятадын талаас боомтын асуудлаар “Түр цагийн журам” төлөвлөгөөний хүрээнд дөрвөн санал тавьсан. Саналыг нь хүлээж авахгүй бол ойрын хугацаанд хил нээх боломжгүйг анхааруулсан.
Энэ талаар хэлэлцэж байгаа. Саналын талаарх уулзалт өнгөрсөн Бямба гариг буюу 13-нд болж, албан бичгээр ирүүлсэн. Уулзалтад Эрээн хотод суугаа консул Т.Мөнхгэрэл, дэд консул Э.Түвшинбаяр, дэд консул Ж.Дашняам, Хятадын талаас Эрээн хотын Улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн дарга Цогзол, АЗГ-ын Гадаад харилцааны албаны дарга Нарсу, тасгийн дарга Ци Жуанжу, Боомтын захиргаа, худалдааны газрын дарга Мөнхөө нар оролцсон. Ямартай ч уулзалтаар гурван долоо хоногийн дотор хил хоорондын ачаа тээврийг эхлэх талаар яригдсан. Одоогоор хил нээх товлолт хугацааг гараагүй байна. Ойрын хугацаандаа ачаа тээврийг хэвийн үргэлжлүүлэхээр ажиллаж байгаа. Энэ сардаа багтаж Эрээний хилийг нээхээр тохиролцож чадна. Монголын талаас хийх боломжтой ажлуудыг холбогдох төрийн бүх байгууллагатай хамтарч ажиллана. Жолоочид бие биетэйгээ хавьталд орохгүй тээвэрлэлтийг хэвийн явуулна.