Та бүхэндээ Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласан бахархалт өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.
Өдгөөгөөс 97 жилийн тэртээ 1924 оны арваннэгдүгээр сарын 26-нд Улсын анхдугаар их хурал хуралдаж, анхны Үндсэн хуулиа баталсан. Энэ хуулиар угсаа залгамжилдаг Хаант засгаас Бүгд найрамдах засаглал буюу ард иргэд нь төр засгаа сонгуулийн зарчмаар эмхлэн байгуулдаг цоо шинэ тогтолцоонд шилжих түүхэн шийдвэрийг гаргасан түүхтэй билээ.
Өнгөрсөн 100-аад жилийн хугацаанд монголчууд ололт, амжилт, хөгжил дэвшил рүү тэмүүлсэн он жилүүдийг өнгөрөөсөн. Тиймээс энэ өдрийг Монголоор овоглодог, Монголоороо омогшдог иргэн бүхэн дээдлэн хүндэлж, бахархан тэмдэглэж байх учиртай юм.
Анхдугаар Үндсэн хуулиар “Хамжлагат ёсыг халж, газрын дээрх, доорх бүх баялаг ард түмний өмч болохыг зарлаж, иргэдийнхээ сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулан, эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдийн нэгэн адил тэгш эрхийг олгох зэрэг нийгмийг ардчилах нэн чухал асуудлуудыг хуульчлан тогтоосон” гэдгийг хүн бүр санаж явах хэрэгтэйг онцолмоор байна.
Сүүлийн жилүүдэд дэлхий нийтийг хамарсан “Covid-19” халдварын дэгдэлтээс шалтгаалан улс орны эдийн засаг, эрүүл мэнд, боловсрол гээд олон салбарт тулгамдсан олон асуудал үүссэн. Гэвч аливаа бэрхшээл саадыг даван туулж чаддаг, тулгамдаж буй асуудлыг саруул ухаан, мэргэн оюунаар зөв оновчтой шийдэж, тэмцдэг ард түмэн бол монголчууд билээ. Бидний энэ онцгой чанар, хүч чадлын эх сурвалж нь Монголоо гэсэн чин сэтгэл, эв нэгдэлд байдаг. Монголчууд бид ухаарлыг эрхэмлэж, улс орныхоо эрхэм дээд эрх ашгийг эн тэргүүнээ дээдлэн хүндэтгэхийг баярын энэ өдөр та бүхэндээ уриалж байна.
ТА БҮХЭНДЭЭ МОНГОЛ УЛС ТУНХАГЛАСНЫ 97 ЖИЛИЙН БАЯРЫН МЭНДИЙГ ХҮРГЭЕ. ХАЛУУН АМ БҮЛЭЭРЭЭ САЙХАН БАЯРЛААРАЙ.