Монгол Улсын нийслэлд 2022 оны 4 дүгээр сарын 19-24-нд чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар болжээ.
Монголын чөлөөт бөхийн холбоо /МЧБХ/ түүхт 60 жилийнхээ ойн хүрээнд насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол Улсын нийслэлд зохион байгуулах хүсэлтийг Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо /UWW/-нд гаргаад байсан юм.
Дэлхийн нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын улмаас энэхүү хүсэлт 2021 онд биелээгүй ч 2022 онд Улаанбаатар хотноо Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг ийнхүү 21 жилийн дараа дахин зохион байгуулах эрхийг авч чадлаа.
МЧБХ-ноос 2019 онд Ази тивийн анхны U23 насны аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгуулсан туршлага нь тивийн 2022 оны АШТ-ийг зохион байгуулах эрх авахад том түлхэц болсон байна.
Мөн Азийн бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга П.Буяндэлгэрийн хичээл зүтгэл, нөлөө их байсныг онцлон дурдах ёстой хэмээн МЧБХ болон чөлөөт бөхийнхөн талархалаа илэрхийлж байна.