Жолооч нар чанаргүй шатахуун худалдан авсны улмаас автомашиных нь эд ангид эвдрэл гэмтэл үүсч, авто засварын газар зорих нь ихэсчээ. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Мэргэжлийн хяналтын газраас колонкуудад шалгалт хийхээ урьдчилан мэдэгдэж, тоотой хэдхэн монополь компанид үргэлж боломж олгож байгаад тэд бухимдаж буй юм. Энэ гомдлол жолооч нарын хэлж байгаагаас тод ойлгогдоно.
Нийслэлийн замын хөдөлгөөнд оролцож буй машины ихэнх хувийг “Приус” загварын автомашин эзэлж буй. Эдгээрийн ихэнх нь такси үйлчилгээнд явж байгаа гэхэд хилсдэхгүй. Харамсалтай нь, хоногийн хоолны мөнгөө олох гэсэн жолоочдын амьдралд шатахуунтай холбоотой шаналал их аж.
ЧАНАРГҮЙ ШАТАХУУНААС БОЛЖ ЖОЛООЧ НАРЫН ХАЛААС НИМГЭРЧ БАЙНА
“И-март” дэлгүүрийн замын эсрэг талын зогсоол. Тус зогсоолд зургаан машин эгнэн түр зогсох дохио өгчээ. Тэрхүү машинуудын тав нь “Приус” байлаа. Жолооч нараас шатахууны талаар асуухад машинд суугаа хүмүүс ам уралдуулан муучлах нь тэр. Шатахууны чанар муудсан нь заалтаас шууд харагдаж байна. 60 мянган төгрөгөөр АИ92 шатахуун авч хийхэд 200 километр хүрэх үгүйтэй явж байна шүү дээ. Үүнийг шалгадаг газар нь шалгах хэрэгтэй. Монополь байдлыг халахгүй бол иргэдийн халаас нимгэрч дууслаа гэв.
Тиймээс шударга өрсөлдөөнийг хэрхэн хангаж ажиллаж, стандартыг давхар хангуулах тал дээр ямар хяналт тавьж байгааг мэргэжилтнээс тодруулав.
ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ “2020-2021 оны хооронд нийт гурван удаагийн шалгалт хийхэд бүгд шатахууны чанар муу гэсэн дүгнэлттэй гарсан. Аж ахуйн нэгжүүдэд торгуулийн арга хэмжээ л авч байна. Одоогийн байдлаар шүүх дээр 17 компанид хэрэг үүсгэсэн. Шатахууны чанарт хилээр орж ирэхэд болон хэрэглэгчдэд олгож байгаа цэг дээрээс гээд хоёр төрлөөр л хяналт тавьдаг.
Газрын тосны тухай хуулийн 5.1.5 гэдэг заалтын дагуу хил гаалиар орж ирэхээс нь эхлээд импортын шатахууныг шалгах зохицуулалттай. Угтаа чанар болоод үнийн асуудалд АМГТГ анхаарал хандуулах эрхийг хуулиар олгосон байдаг.
Өнгөрсөн Даваа гаригаас эхлээд бид Иргэний нисэхийн ерөнхий газрын лаборатори, АМГТГ-ын лабораторийнхонтой уулзаж ярилцсан. Шатахууны чанарыг дахин шинжлүүлэх талаар хандсан. Иргэний нисэхийн тухайд гаднаас дээж авдаггүй ч өмнө нь үнэ төлбөргүйгээр нэг удаа дээж авсан. Харин энэ удаа боломжгүй гэх тайлбар өгсөн. Нэг удаа хяналт шалгалт хийхэд 17 сая төгрөгөөр лабораторид ханддаг” гэсэн юм.
Зогсоол дээрх дараагийн машин руу очлоо. Тус машины жолооч залуу хувиараа таксинд яваад гурван жил болжээ. Түүний ярианаас сонсоход өглөөнөөс шөнө хүртэл такситайгаа хотыг сүлжээд, нийт 100 орчим мянган төгрөг олдог байна. Тэрбээр “Хүмүүс “Приус” бага иддэг юм чинь хангалттай ашиг олдог гэдэг. Гэвч Монголд колонкууд устай шатахуун зарж байгаагаас банк хий сорж, машин ч амархан эвдэрдэг. Уг нь 100 километрт үсрээд, 8-10 литр л иддэг шүү дээ. Одоо бүр 13-15 литр шатахуун хийгээд ч явахгүй байна. Тэгэхээр энэ шатахуун ямар нэгэн хольцтой л гарч байгаагаас зайлахгүй” гээд шатахууны заалт руугаа заав. Мөн тэрбээр “Өглөө би 30 мянган төгрөгт шатахуун хийсэн байтал бараг шар асч байгааг та харж байгаа биз дээ” гэв. Түүний хажууханд зогсох, 50 гаруй насны жолооч шатахууны чанар маш муу байгааг хэлсэн юм. Түүний хувьд 20 жил нийслэлд амьдарч, таксинд явжээ.
Үс нь үл ялиг бууралтаж, хөлсөө давтамжтай арчих тэрбээр “Өнгөрсөн хавраас хойш шатахууны идэлт ихэссэн. Хил гааль хориггүй байхад хойшоо очоод л банкаа дүүргээд ирэхээр хэсэгтээ сайн явна. Харин одоо хотоосоо ч гарахаа байсан.
Машины насос л эвдэрсэн байна гэж бодоод байсан үгүй байна лээ. Шатахуунтай шууд холбоотойг намар бүр баталгаажуулсан. Нийт 400 гаруй мянган төгрөгөөр сэвчээ болоод насосоо солиулсан” гэлээ.
Иргэдэд бодитоор мэдрэгдээд буй бензиний асуудал зөвхөн машины банкаар хэмжигдэхгүй. Учир юу вэ гэвэл муу шатахуун хийсний улмаас авто засварын газруудын ачаалал нэмэгдсэн байна. Өнөө л сэлбэг орж ирэхгүй байгаа шалтгаанаар засварын хөлс нь ч тэнгэрт хаджээ.