НИТХ-ын ээлжит хуралдаанаар засаг захиргааны анхан шатны нэгж хороодыг хуваах, өөрчлөх талаар Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Р.Дагва танилцуулав.
Тухайлбал, Баянгол дүүргийн 25 хорооноос 11-ийг нь хувааж, шинээр есөн хороо байгуулж, нийт 34 хороотой болж буй бол Баянзүрх дүүргийн 28 хорооноос 17 хороог хувааж, шинээр 15 хороо байгуулж, 43 хороотой болж байна. Энэ шийдвэрээс үүдэн 5 хорооны хилийн цэсийг өөрчилжээ.
Хан-Ул дүүргийн 21 хорооноос 3 хороог хуваан, 4 хороог шинээр байгуулж, нийт 25 хороотой болсон бол Чингэлтэй дүүргийн 19 хорооноос 5-ыг хувааж, мөн 5-ыг шинээр байгуулан, тус дүүрэг 24 хороотой болов. Нийт 36 хороог хувааж, 33 хороог шинээр байгуулснаар нийслэл хот 204 хороотой боллоо.
Ийнхүү хороодыг хувааж ачааллыг тэнцүүлсний үр дүнд иргэдэд хүргэх төрийн үйлчилгээ шуурхай саадгүй болохын дээр ажил үйлчилгээний чанар хүртээмжид ахиц гарна гэж үзэж байгаа аж.