УИХ-д анх удаа Дархан-Уул аймгаас сонгогдсон Г.Дамдинням гишүүн өөрийг нь 30 минут зам дээр зогсоосон төрийн цагдааг сайдад нь ‘матав’. Уг нь бол УИХ-ын чуулганы хуралдаанаар коронавирусийн цар тахалтай холбоотойгоор Улсын онцгой комисс, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон цаг үеийн чухал асуудлыг хэлэлцэж байлаа. УИХ-ын гишүүд ч цахимаар хуралдаандаа идэвхитэй оролцож, дор бүрнээ л нийгмийн өмнө тулгамдсан асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж байна. Гэтэл шинэ гишүүн Г.Дамдиннямыг замын цагдаа танилгүй, зогсоон асуудал түүнээс чухал бололтой.
Тэрбээр ‘Намайг замын цагдаа саатуулж, 30 минут зогсоолоо. УИХ-ын гишүүн би төрийн ордонд яаралтай хуралтай байсан. Цагдаа нарын зан харилцаанд анхаарах хэрэгтэй’ гэж Х.Нямбаатар сайдад хаяглалаа.
Улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед цар тахлын хууль бүх хүнд тэгш үйлчлэх ёстой. УИХ-ын гишүүнд хууль үйлчилдэггүй, зам дээр 30 минут хүлээж болохгүй гэж үү! Харин ч коронавирусийн халдварын энэ цаг үед ар гэрээ орхиж, иргэдийн амгалан тайван байдлын төлөө өдөр шөнөгүй ажиллаж байгаа цагдаа нарынхаа ажилд хүндэтгэлтэй хандаж, ‘БАЯРЛАЛАА’ гэж хэлэх байтал төрийн түшээ хэрэггүй сэдвээр улс төр хийж, эрх ямбаа хэтрүүлсэн энэхүү үйлдэл нь сошиал орчинд олны дургүйцлийг хүргээд байна.