Ховд аймгийн музейд хадгалж буй шинэ, онцлох үзмэрийн нэг бол МЭ 6-8 дугаар зууны үед холбогдох чавхдаст ятга (алтай ятга) юм.
2008 онд Ховд аймгийн Манхан сумын Жаргалант хайрхан уулын Нүхэн хадны оршуулгаас чавхдаст ятга олджээ. Уг ятгыг Монголын үндэсний музейд хадгалж байна.
Тус үзмэрийн хувилбарыг 2023 онд хөгжим урлаач Ч.Баатарсүрэн сэргээн бүтээсэн ба одоо Ховд аймгийн музейн угсаатны зүйн танхимд хадгалж байна.
Чавхдаст ятгыг сэргээн урлахад нэг сар орчим хугацаа зарцуулсан бөгөөд уг хөгжмийн зэмсгийн анх олдсон байдал, натур хэв шинжийг бүрэн тусгасан гэж Ховд аймгийн музейн эрдэм шинжилгээний ажилтан Х.Бямбасүрэн онцоллоо.
Тус хөгжмийн зэмсгийн их биеийг хус модоор элдэв залгаа, наалт үгүй урлажээ. Харин царын таг бас тээгийг уд модоор хийсэн байна.
Хүзүүний угийн дээд хэсэгт хоёр тийш ташуулдан сийлсэн нь ташуу дөрвөлжин хээ үүсгэсэн ба 5.5 см урттай. Харин эх биеийн урт нь 72 см, өргөн 10.1 см юм.
Эх биеийн доор авиаг гаргах зориулалттай чагт хэлбэрийн нүх байх ба хэмжээ нь 1.9×2.4 см байна. Мөн хөгжмийн хүзүүний хэмжээ нь угийн хэсэгт 2.8×3.2 см, дунд хэсэгт 2.4×1.8 см бол толгой талд 2.1×2.7 см юм.Хөгжмийн толгойн хэмжээ чихний үзүүрээс хоншоор хүртэл 5.8 см, дагзнаас хоншоор хүртэл 4.9 см байна. Царын урт нь 35.3 см, өргөн 10 см, зузаан 1.79-4.21 мм байгаа юм. Мөн чавхдасны тээг модны хэмжээний хувьд урт нь 8.1 см, өргөн 6.03 мм. Тээгийн дээрх чавхдасны нүх хоорондын зай нь 6.28 мм байна.Царан дээрх том нүхний хэмжээ бол 8×8.2 мм, жижиг нүхний голч 4.4 мм. Дагзан дээрх нүхний хэмжээ нь 8.6×6.8 мм байна. Хөгжмийн ард талд нум барьж, сум тавих гэж буй нэгэн анчин, таван нохой, олон салаа эвэртэй зургаан буга, нэг янгирыг сийлжээ.Мөн хөгжмийн хоёр хажуу талд нь зургаан мөр 60 тэмдэгт бичээстэй байна. Уг бичээсний утга нь “Аялгуут (хайлал) суу хүч алдар нь Яая-Огыл чавхдас татаж, Чүрэ би бичив (Их туульч хайлан хэлж өгөгтүн). Хэв алдалгүй хэлж өгөв” гэжээ.